11 February, 2011

Навчны гуниг.

                               
     Шаргал навчсыг  өлмийдөө зулж хайртыгаа хүлээсэн амраг бүсгүй шиг хачин гунигтайгаар зургаа авахуулья гэж бодсон юмсан. Амжсангүй. Өглөө сэрэхнээ цэцгийн дэлбээ, модны навчийг цас, нам гүм хоёр нэвсийтэл дарсан байв. Харин хүмүүс – өө цас орчихож гэхээс өөр юу ч хэлэхгүй, өтгөн мөчиртэй модод хүртэл  цасаа шилгээхгүй юм.

       Цаг улирал солигдсон ч  ажилдаа явдаг өнөө л хуучин замаараа алхлаа. Хүмүүс дулаан хувцсаа өмсөж, цасны хялмаанд замын бөглөрөл нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйл бараг үгүй. Аанай л ажил сургуульдаа яарцгааж, архичид нь автобусны буудал дээр амьд үхсэн нь үл мэдэгдэн хэвтэнэ. Өглөөнөөс маргаашийн өглөө хүртэл эрдэм оюун, дурлал хайр,халаасны хулгай, агсан согтуу, алдар гавьяа  аль бүхэн үргэлжилдэг их хотын амьдрал гэдэг ийм л дөжирсөн их урсгал байх. Энд намар болсонгүй гэж хэн ч нэхэл болж бодохгүй, над шиг намрын модны дор зургаа авахуулахсан гэж мөрөөдөхгүй, навч ногооноороо унахад эмзэглэхгүй, навчны гунигийг зүрхний шаналал шигээ мэдэрдэггүй.

          Буйд аглаг өнчин тором шиг суурингаас минь тэс ондоо. Зарим нь дархан цаазтай уулын аманд давхар давхар орд харшид амьдардаг. Зарим нь хөл холхисон гудамжнаа дан цамцтай дагжиж зогсдог. Хөдөө хотоос дутуу нь таван одтой зочид буудал, тансаг шилтгээн байхгүй. Зурагтаар гардаг хүмүүс, зууд гуч иддэг хаммер жийп байхгүй. Би тэнд өссөн. Гэсэн ч намрын мод, навчны гуниг, өвсний чимээг сонсож өссөн болохоор өндөр тэнгэрийн дор би бодлогоширч сурсан. Хүн чанар, хөх өвсний чимээтэй хөдөөд цаг улирал хүртэл жамаараа ирдэг. Навч  шарлаж, намхан толгодын дээгүүр тогоруу зэллээд миний нутагт одоо намар болж байгаа. Харин энд дутуу юм байна.                                                                                          2009.10

2 comments:

saraa said...

ahiad bvvr urt sanaa aldav......
huduuguu hvvhed nasaa sanav.....

bulgani huu said...

tiimshu nar sharj haluu duugesen bidnii byatshan eh oron