13 September, 2012

Найзууд надаас холдоно

Найзууд. Энэ үг их л холын горьдлого минь юм гэж мэдлээ. Энэ горьдлогод итгэл найдвараа үлдээхээс зориг минь дутаж байна. Уг нь би зоригтой шүү дээ. Хийнэ гэсэндээ, хэлсэн үгэндээ хүрдэг гэвч амлалтаас айсан удаа минь энэ болог.

Нөхөрлөлийг дэндүү их хүндэлдэгтээ, хүндэтгэдэгдээ би айж байна. Өнөөдөр хамт инээсэн чиний дүр маргааш миний нөхөрлөлд сэв үлдээхвий гэхдээ. Би дандаа л чам шиг сугадан гүйж, хамт хооллож, машинаар зугаалж, магадгүй хол ойрын сонин дуулгаж өдөртөө нэг утсаар ярихгүй. Тэгэхээр чи дургүйцнэ. Найзын тангараг тавиагүй авч надаас чи холдоно. Дараа нэг уулзахадаа магадгүй бөөн гомдолтой ирнэ. Харин би өндөр уул, өргөн дэлхий шиг юм бодон уулзана. Уйлмаар болно. Миний буруу, найзаа таниагүйнхээ төлөө -1 оноо. Эсвэл найзлал таараагүйнхээ төлөө чамд 1 оноо. Аль нь ч бай найзын тоо багасаж надаас чи холоно. 

Өөрөөр болсон явдал №1
Далдуур чи намайг муугаар хэлсэн байхад, буруу бодсон байхад дамжуулагч нь надад бас хүргэсэн байж таарна. Тэгвэл би гомдоно.Гомдолдоо дараачийн итгэлээ бартал бугшина. Гэсэн ч  дамжуулагчид  -1 хэмээх ухаан санаанаасаа хөөн бодно.

Өөрөөр бодсон явдал №2
Чамд үгэндээ үг хавчууулан дайна. Чи үл ойлгоно. Гэсэн ч ойлгосон мэтээр талархаад надаас чи үл холдоно. Холдохгүй байхын шалтгаан бас байдаг нь би чамд хэрэгтэй байна, хэрэгцээ нь дуусахгүй эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг болно.

Өнөөдөр чи уйдаад хань хийе гэтэл би завгүй гэв. Өнөөдөр чиний найзууд бөөндөө суугаад ууж дуулья гэтэл би онгоцны буудлаас хүн тосно гээд очсонгүй байв. Өнөөдөр чи надтай хамт хүнтэй уулзая гэх нь үнэндээ чимэг хийсэн байв. Өнөөдөр чиний тусалья гэх нь ашиг горьдсон байв. Өнөөдөр чи надаас ажил амьдрал асуух чинь ардаа атаархлын агуулгатай байв. Өнөөдөр миний бодсон шиг залуус олон биш байгаа нь гомдмоор байв.

 Өнөөдөр би бодол шигээ нөхөрлөж чадаагүйдээ гунимаар байна. Бодол шигээ нөхөрлөж чадах найзаа олохгүй яваадаа зугтмаар байна орчмоосоо..

Энэ мэт өөрөөр болсон, бодсон явдлууд сэтгэлийг үймрүүлэв. Өдөржин утсаа унтраагаад өрөөндөө ганцаараа толь ном 2-оо тэврээд өнжив. Өөрийгөө олохын төлөөнөө амьдарсан юмсан...

Өнөөдөр бодохнээ би дахиад амьдрах хэрэгтэй юм байна. Өрөөлийг ойлгохын төлөөнөө...