11 February, 2011

Ай хаврын бороо...

   2006.05.01  

                Гадаа бороо орж байна. Яг одоо гүйгээд л гармаар. Шалба норон зогсмоор... Яагаад ч юм сэтгэл нэг л гэгэлзээд. Арай өнөөдөр чамтайгаа уулзах юм биш байгаа. Өө би амласан шүү дээ. Анхны бороонд норохгүй, баярлахгүй бас догдлохгүй тэгээд хэзээ ч чамайг санахгүй гэж.
Өнөөдөр дахиад л чамайг саначихлаа. Чөтгөр ав.

***      ***      ***

  2007.03.23
                 Өнөөдөр цас орсон. Уг нь би бороо байгаасай гэж их хүссэн л дээ. Хаврын анхны бороо, аз жаргал,хайр, хагацал, гуниг бас чи...

                   
      Яагаад ч мартаж чадахгүй юм шиг л санагдаад байх юм. Цаг хугацаа бүгдийг бий болгож, бүгдийг үгүй хийх хүчтэй гээгүй бил үү? Тэгээд яагаад надад чамайг мартуулж өгч чадахгүй байгаа юмбэ? Би чамайг санаж байна. Анхны борооноос өмнө надад ирээч. Аягүй бол би дахиад л гуничихаж мэднэ. Гэвч бороо хэзээ орохыг би мэдэхгүй...

                                                   ***      ***      ***

     2008.04.10  Шөнө анхны бороо оров.


Гадаа бороо орчихож. Ямар өөдгүй бороо вэ? Хаврын анхны бороо гэж чамайг би яасан их хүлээлээ. Хэлж чадаагүй үгийг минь эзэнд нь хүргээсэй гэж, эрхэлж энгэрт нь тэврүүлэхийн дайтай намайг тайтгаруулаасай гэж ийм удаанаар хүлээсэн атал минь.
Дахиж би чамайг бүтэн жил хүлээхгүй...

***      ***      ***
2009.04.16 Анхны бороо 

Дахиад л шөнө орчихсон. Бороо орсон өдөр болгон чи намайг
гайхшруулах юм яагаад тэр вэ?
  ***      ***      ***
2009.10.15
Гадаа цас орж байгаа. Зөв зөөлхөн, дув дулаахан цас будраад л байх юм. Зөв зөөлхөн, дув дулаахан ийм өдрөөр хүртэл чи надад байхгүй. Гомдмоор...

***      ***      ***
Гадаа цас орж байна
Гараа хаялан хүмүүс яарч байна
Гарахаас, ганцаардахаас 
Ганцхан чамаар дутахаас айж байна
            Дөрвөн сар гарч байна
            Дөнгөж салсан шиг сэтгэл өвдөж байна
            Ороогүй бороо, орхигдсон чиний тухай
            Одоо хэр нь би бодсоор байна 
                                              Гайхмаар...   2010.03.30

***      ***      ***
2010.04.17
           Анхны бороо оров. Өнөөдөр л ингэж чамтай уулздаг юм байжээ. Ай хаврын бороо. Чамтай уулзах тийм гоё. Олон удаа би өнгөрсөн хойно чинь л чамайг ирээд явсныг мэддэг байсан. Чиний үнэрийг би төсөөлөн хэлж, удаан хадгалж ч чадахгүй нь. Чи тийм ер бусын. 

         ... Гэтэл цаг хугацаа, цас бороо аль алиныг нь би жагсаалын цэрэг шиг мөр цэхлэн ёсолж үдсээр л байхад тэр ирэхгүй юм. Уг нь надад хаврын бороонд ахиад хоёулаа алхана гэж, хайртай гэж, хамтдаа тэгээд удаан амьдрана гэж амласан...

 ***      ***      ***

                                                        Ай ...

1 comment:

Saraa said...

ter aztai hernee azgvi zaluu hen ym bol............