12 December, 2012

Анддаа бичсэн захидал буюу эрчүүд хаачив

       Чамдаа энэ өдөр, энэ цаг хормын биш гэрэлт ирээдүйн мэндийг дэвшүүлье. Магадгүй өнөөдөр чи сэтгэл гундуухан явж байж мэднэ. Гадаа хүйтэн, гар хүйтэн, ганцаардмаар тийм өдрүүд найзад нь ч бас байсан. Хэний ч хамаагүй энгэрт тэврүүлж эхэр татан уйлмаар, гудамж хэрэн өдөржин алхмаар,  гулсуур шат, дүүжин даажинтай хүүхдийн талбайд очмоор...  Бүсгүй л амьтан шүү дээ бид чинь.

     Ганган, хээнцэр, ихэмсэг, бүхий л амьдралдаа хангалуун мэт давилуун ч харих замдаа яарах эзэнгүй бүсгүй яасан олон юм бэ дээ. Алдаагүй амьдрал гэж хаана л байх вэ гэхэд хаягдсан хаясан, хүүхдээ өсгөсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд арай л олон байх шиг санагдах юм. Монгол улсаа би хөгжиж байгаа гэж ярих дуртай. Цаг нарны давчуугүй, замын түгжээ, цагдаагийн бухимдалгүй гадаадын орноос яаран тэмүүлэн ирсэн үйлт ажилдаа ч дуртай. Өглөө бүхэн нойроо харамлаж сэрүүлгээ ад үзэх, сэрсэн хойноо угаалгын өрөө, хувцасны шкафаа сандаачин түйвээх, хам хум будсан нүүрээрээ таксины жолоочтой мэндлэх, хальтирч унан алдан өрөөндөө гүйж ирэх, үүдээр шагайчихаад хаалга саван одох уур цухалтай эгч нар, өвөө нар, үрсийнхээ төлөө өвдөг бохироогүй амьдрагчид, уурлаж идчихээд уурлаж баадаг тэдний ухаан муутай хүүхдүүд, гавьяатууд, эрдмийн эзэд, улс төрчид, уулгалан магтмаар миний багш нар, инээдэм, баясал, баахан түгжирч ирдэг арав дугаар хороолол, солихын шаардлагагүй адилхан сувгууд, идсэн уусан нэгэн, идэж уусанг нь дэндүү сайн мэдэгчид, хамтрагчид, хам хэрэгтнүүд, танил ахын танил, авилга, андууд, ахиад л шинийг санаачлагчийн дуудлага, маргаашийн 7 цагийн болзоо, одоо 21-нд монголд дэлхий сөнөнө гэсэн үү гэж солонгосоос залгасан тухай онигоо, залгадаг дугаараараа ялгардаг муухай монголдоо жаргал зовлонт амьдралынхаа залуу насыг үрж байгаадаа би харамсдаггүй.

 Заримдаа гомдмоор үе байдаг л юм.  Хүчирхийлэл, хүний наймааны эсрэг сайн дурынхан ажиллахад хүүхнүүд, Эрээн замын үүдийн гаалиар өнгөрөгчид, дэлгүүрийн лангуунд суугчид, их сургуулийн багш нар дахиад л дийлэнхи нь хүүхнүүд. Бааранд орсон ч  бас л баахан охидууд. Тамхи татсан, татсан тамхиныхаа ишийг газар нясалсан, эр нөхрөө харамлаж элдвээр биенээ дайрагсад, хардагсад, хамт  ууж, уйлж сэтгэлээ тайвшруулагчид, эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүд бас л багагүй. Түргэний эмч, ТЭЦ4-ийн инженер, тэр бүү хэл хот хоорондын тээврийн жолооч ч эмэгтэй байх. Эрчүүд хаачив аа.

Их сургуулийн боловсролтой, гадаадад төгссөн дипломтой гаднаас нь харсан надад атаархал үлддэг сайхан бүсгүйчүүд бүгд л гэрлээгүй гэх юм. Тэдний хайрладаг эрчүүд хаачив аа. Боловсролын түвшинд хүүхнүүд илүү анхаараад хүдэр чийрэг эрчүүд нь Оюу толгой яваад хамт амьдрахад соёлын зөрүүтэй болсон гэж нэг судлаач бичсэн байсан. Би итгээгүй. Бас сайхан сайхан залуу гэр бүл Солонгос явуулдаг гэрээний золионд салаад дууссан шүү дээ гэсэн бас л итгээгүй.Үнэндээ нүдэн дээр минь байгаа бүхэнд итгэхгүйдээ биш эмзэглэсэндээ олж харахыг хүсээгүй хэрэг. Өчигдөр нэг найз минь хүүхдээ авахуулахаар эмнэлэг явсан. Өөдгүй, үнэт эрдэнэгүй, хана мэт түшиггүй, хариуцлагын өмнө түрүүлж ам нээж чаддаггүй, амьдрал амлаж чаддаггүй халирамхай эрчүүд нь энд үлдэж. 

Хүүхнүүд газардахгүй ээ. Хүчирхэг, чадалтай эмэгтэйчүүд олон байна. Би хүндэлдэг тэднийг. Гэхдээ бас өр өвддөг. 9000 долларын төлбөртэй сургуульд явдаг хүүгийнх нь нүд дэндүү дарууханг тэд өөрчилж чадахгүй. Хийсэн хэргийнхээ төлөө ам дүүрэн хариуцлага хүлээж чадах зориг чадалтай эрчүүд эндээс эхлэн торнидог. Аавтай хүүхэд айдаггүй.
Одоо бидний буруушаан бодож суугаа эрчүүдийн доройтол бүр эндээс эхтэй ч байж мэдэх юм. Эрчүүдээр дутахгүй гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Бүсгүй хүний ур ухаан дээр гэр бүл тогтдог ч гэдэг. Гэвч тэр нь өрх толгойлоод өөрөө бүхнийг хий гэсэн үг биш нь лав шүү. 

Эр цээжний нөмөрт сэтгэл дулаахан амьдрахын, эрэмгий зориг, эр хүслийн хүлээнд уятай явахын жаргал дутуу санагдаад гадаа хүйтэн, гар хүйтэн өдөр байна уу. Гэвч сэтгэлээ битгий уймраа даа анд минь. Сайхан л зүйл одож явахад амьдрал өөрөө зохиогдоно, аз жаргал нэг л өдөр алган дээр чинь унана. Хааяахан би ч гэсэн ганцаарддаг л юм. Хажууд минь яагаад эр хүн байхгүй байгаад гайхдаг ч хаанаас ч юм  намайг өөрөө олоод ирнэ гэдэгт нь итгэдэг. Бүсгүйчүүдээ хайрлах, туяхан гарыг нь дулаацуулах, уужимхан бодолт эрс ирж л яваа,  бидэн рүү...

7 comments:

Keesh said...

эрчүүд архи уухаар явсаан.

Keesh said...

сайхан бичжээ

Anonymous said...

Mundag shu chi min, haaya haayahan uzegdej jintei heden ug bichchiheed l alga boloh yum daa...

Gu n bnoo

Лили said...

Boddog yumaa bas. Haa gazar yalanguya end hoyor tiishee bolohod huuhdiinhee tuluu uzej tarah yumaa. Gerleltee batluulsan ch bai batluulaagui ch bai. Bi huuhdee avangeed uzej tarahiin. Tusdaa bolson ch holboo hariltsagaa hadgalaad yava ni niitleg. Bidnii mongol humuus uur, emegtei deeree uldehiin huuhduud, sonin ...

Ами said...

хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадаваас,хөнгөн бийрийг хөшихийн учир юун...гэж бодогдтол гоё бичжээ...

Anonymous said...

:)

sain uu andaa said...

байгаа....
бид байгаа
Морьтойгоо, дээлтэйгээ, дэндүү уужим сэтгэлтэйгээ дэлхийн талыг эзэгнэж явсан ухаантайгаа хажууд чинь бий.

Хархад халтирмаар хажууд уначихсан хэвтэж буй зарим нь. урам өгөөрэй ухаантайгаа байгаа....

Хазгар доголон, эсвэл нулимсаа нуун хүрлийчихсэн зогсож байгаа зарим нь. урам өгөөрэй сэтгэлтэйгээ байгаа...

Хал үзэж хашир суусан зарим нь салхи сөрнө гээд гарсан байгаа дэмнээд өгөөрэй чадвартайгаа байгаа...

бид байгаа... зогссоор байгаа
тулгаа...туургаа...түмнээ түшсээр ганхахгүй ган болд шиг зогссоор байгаа бид унахгүй... сөнөхгүй...
харин та нар минь дэмжсээр, эргэж тойрон тэвэрсээр, өлгийдсөөр үзэсгэлэн гоо. үнэн сэтгэл, үлэмжийн гоо чанараараа бүүвэйлсээр байгаарай, бид унахгүй...ухрахгүй...улалзана... дүрэлзэнэ...

Монгол аавын хүү дэргэд чинь байгаа байсаар байгаа....

нэн сайхан байлаа
монгол эр хүн:)