10 December, 2011

Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм


Эмзэгхэн л хайрладаг юм шүү Оюухай минь
Эрхэлж дуусаад өсгийгөө дуугарган одох
Эрхэмсэг хагацлыг бэлэг болгодог юм шүү
Энэлэл шаналал үгүй яасан амрав чамд.
Хөнгөхөн л дурладаг юм шүү Оюухай минь
Хундага  дарс шиг наргиж болмоор амьдралд
Хээнцэрхэн бүсгүй үнэнч байгаад яах юм
Харцаа л шидээд өнгөрвөл болоо бишүү түүнд.



05 December, 2011

Хүслийг минь сонсогч чи хаана байна



Эрэн тэнэж хайн цөхрөхөөсөө өмнө 
Эль хулийн дундаас би эрт буцна
Чимээ шуугиант миний амьдрал дуусахад
Чи ч бас ганцаардаж л таараа...



02 December, 2011

Ээжээ, бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?

Ээжээ,  нар  дандаа л яагаад цацран гялалздаг юм бэ? 
Ээжээ,  бүсгүй хүн яагаад ийм гоо байдаг юм бэ?  

Ээжээ та мэдэх үү? Та дандаа л нар мэт цацран гялалздаг аа. Тоос шороот өлөн өвс шиг өдрүүдэд таны инээмсэглэл, энэрэл, өр сэтгэл байдаг болохоор энэ ертөнцөд хавар ирдгийг. Таныгаа дууриаж би цэцэг болон ургадгийг?  Цэцэглэн нахиалах гэж, өнгөө дэлгэх гэж, улам өөдөө тэмүүлэн яваа үр жимсхэн чинь тандаа халуун сэтгэлийн тэврэлт илгээх гэсийм. 

Өнөөдөр миний, таны бас миний аавын баярын өдөр. 

Үртэй хүн жаргадаг даа. Та хоёрыгоо жаргаана даа л гэж санах юм. Томоос томоор ачийг тань хариулаад л, хүсэл бүхнийг тань  биелүүлээд л, хөөрхий бяцхан хотоо хүн бүхэн жаргадаг диваажин болгоод гээд л ...  гараа алдлан хамгийнхаа томоор энэ дэлхийг төсөөлдөг тэр гэнэн хүүхэд зан минь одоо ч хэвээрээ л байх юм. Хэзээ л нэг ухаан сууж та хоёрыгоо жаргаах тэнэгхэн үр юм бэ дээ би.

 Харин та хоёр минь энэ цаг мөчөөс, эглийн эгэл амьдралаасаа аз жаргалыг олж чаддаг.  Гоё машин, хувийн хаус, төлбөртэй сургууль бидэнд байгаагүй. Одоо ч байхгүй. Аав ажилдаа яваад л, ядраад ирэхэд нь ээж инээж угтаад л, цаг наргүй өдрүүдийнхээ шагнал болгож цалингаа хамт тоолоод л... 

Гэхдээ анир гүмхэн амар жимхэн бидний амьдралд аз жаргал дутаагүй. Хамтдаа байхын сайхныг, харамгүй хоолоо хувааж идэхийн амтыг мэдэрч өссөн минь миний хамгийн том хүмүүжил. Ээмэг бөгж шиг нандин чамин аашаар эр хүнийг хайрлаж, хайрлуулж чаддаг ур ухаан  үзэсгэлэн, нар мэт сэтгэл ээжээ таных. Уул уулс сүүдрээ дардаггүй өргөн дэлхийд уулсын энтэй  уужимхан амьдарсан нь та ааваа. Та хоёрынхоо хамтдаа байгааг харж буй энэ цаг хугацаа минь надад хамгийн үнэтэй. Тийм болохоор илүү урт удаанаар өнгөрөөх аз жаргалтай, сэтгэл хангалуун өдөр хоногуудыг би эндээс, сэтгэл зүрхний гүнээсээ үргэлж илгээсээр байх болно. 

                                                                                                ОХИНООС НЬ.  2011.12.02