30 May, 2013

Тийм тэнэг добрый юм байхгүй


Би лав Никитоны дуунуудад дуртай. Аймар чангаар шал солгой дагаж дуулах дуртай. Хамт дуулжаам шиг санагддаг байхгүй юу гэссс.

Сүүлийн үед баннандаа хэвтчэээл хэдэн цагаар энэ дууг дуулдаг болоод байгаа.  Өчигдөр эгчийн найз ирцэн байсыг мэдкү орилж орилж гаргасан байгаам даа. Эгч ичиж үхэнгээ алдсан гэсэн хаха. Хохийшдээ тэ. Яах гэж айлд орж ирсийн. Хүргэн хүүг ер нь эртнээс хашраажаах хэрэгтэй гэж би боддын этр.
За нэгэнт ярьсных усанд орох тухай ярихуу яахуу, эсвэл шууд хүргэн хүүгийн тухай ярихымуу. Уг нь Никитон ярьжээсан тэ.За яахуу хаашдаа будлиантчихсан юм чинь өөр гоё юм ярья. Залуу малуу ч юмуу аахаха.

Чи хааяа нээх гоё шинэ хүнтэй танилцмаар санагддаг уу. Манай найз ч гэсэн тэгдэг гэжээлээ. Тэгээд би танилцахжаа хүмүүст хэд гурван юм ярья гэж бодлоо л доо. За юун түрүүнд танилцахдаа нэрээ Үүлээ, Маралаа, Хайрмаа, Ялдмаа этр гэсэн бичил гэнэн үг сонго.  Хаха Ялдмаа нь ч арай бишиймаа.

Бас хаана танилцах вэ гэдэг маш чухал. Танилцаж үзээгүй ч танилцана гэж бодож чадсан хүний хувьд туршлагаасаа хуваалцахад кк. Кинун дээр гардаг шиг дэвтэр номоо тэврээл явжээсан чинь нэг залуу мөргөлдөөл, тонгойхдоо толгойгоороо бас мөргөлдөөл, толгой дараад ёооё гэхдээ харцаараа ахин мөргөлдөөл этр. Шал худлаа шүү. Тийм тэнэг добрый юм байхгүй.

За бас машинтайгаа Энхтайвны гүүрэндээр явжээж болноо. Гэнэт яасын бүү мэд тэнгэрийн санаагаар машин асахгүй болчихноо. Оо нэг гоё залуу бууж ирээл засаж өгөөд баярласандаа чи аяга кофегоор дайлаал таалагдаал папайдуул ч папайдьюу гэж бодтол чинь - хөөе чи зам бөглөхөө болиочээ. Мэдкү бол үхснээ хийж машин барьдын, та нар шиг юмнуудаас болж энэ замын түгжээ бла бла гэж мэгээл сигналдаал тэ өөдгүй ш дээ даабль залуучууд.

За бас баахан охидоороо бааранд явжээж болноо. Оо лаг зарим нэг хүүхнүүд чинь эро бүжиг бүжиг хийгээл эрчүүдийн анхаарлыг татаал этр байжээтал нь чи эвшээгээд, нулимсаа гоожуулаал, тэрнээсээ болж нүдний будаг нь бууж мууцан хачин юм суужээж яавч болку. Би өмнөх хагассайнд тэгж баларсан.

Тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд би бол танууст энэ тал дээр тусалж үнэхээр чадку гэдэг нь нотлогдлоо. Мөн үү хаха.

Амжилт хүсье даа single baby single girl single mam-ууд минь. Учрал тохиол хаана ч хүлээж байж мэдэх юм шүү та нарыг.  Өдөр бүр хамгийн гоё хувцас, хамгийн гоё цүнх, хамгийн гоё ээмэг, хамгийн гоё зүрхээ зүүж яваарай. Дандаа гоё яваарай.

Учрахаа хүрвэл хүнийх ч байсан дурладаг л хорвоо шүү гэж никитон дуулаад байгааг сонсож байна уу энэ дээр.. :)

29 May, 2013

Эрка

Зөв цагтаа зөв газраа өөрөө олж очоорой гэж нэг хүн надад хэлсэн юм. Намайг энд байх ёсгүй, үүнээс өндөрт байх ёстой гэж гүн бат итгэдэг найз минь л дээ. Амьдрал нь дандаа л  гэв гэнэтийн учрал тохиолоор дүүрэн явдаг ангаахай анд минь.

Яагаад ч бид ийм нэг амь холбоотой болчихсон юм. Хэзээний л чи үгүй бол миний сэтгэлийн тойрог дугуй дутуу шиг санагддаг. Санаагаараа зохиож найзлаагүй ч салахгүй хүмүүс гэж байдаг бол бид байх гэж би боддог. Миний гунихаараа яадгийг, инээхээрээ яадгийг, яг ингээд хэлчихвэл юу гэж хариулахыг, гадаа бүүдгэр үдэш хаашаа алхдагийг, нэг найзтайгаа гэж ярьвал тэр нь хэн байдгийг, эргэлзсэн асуултаа хаанаас нь эхэлж тавьдгийг, биеийнх нь жин хэр хэлбэлзэж байгааг, бичсэн шүлгээ хэнд зориулсанг гээд за даа чиний мэдэхгүй миний зүйл гэж үгүй дээ.

Оюутны ширээний араас Амитабаг тайлбарлаж байхад минь анх чамаар би бахархсан гэж нэг удаа ярьсан юм. Хүнд өгөх өчүүхэн гэгээтэй яваадаа би бас баярласан. Миний найзууд л намайг  тоож онгироодог хойно та нартаа л эмэгтэйхэн, эрч хүч, инээд баясал, илүү дутуугүйхэн амьдрагч мэт санагддаг бол болоо доо.

Ард урдаа орох атаагүй бидний амьдралын зам адилхан биш хэрнээ аз жаргал түүдэг араг савар минь ижилхэн. Бидэнд ирж буй, бидний  яг одоо сонгож буй энэ замаар ингээд  гараасаа хөтлөлцөөд гүйвэл хаана очих бол гэж бодлоо. Хээрийн цэцэгт тал, хээрийн цэцэг шиг хүүхнүүдийн тасхийсэн инээд, өндөр өсгийт, өөрсдөөрөө баахан бардамнах шүлэгч үдшүүд,  эмзэглэл догдлол, их эртний бодролууд, улс төр, уруулын будаг, гал нас, ирээдүй их тод хэрнээ урт юм аа. Сүүдэрт орчлонд үлдэх мөртэй явах яасан сайхан билээ найз минь.

Хүмүүс бидний тухай ярьж л байг. Бүр муулаг. Тэдний өмнө амьдарч байгаа нь бидний буруу биш дээ, яадаг юм.

Хамтдаа дуулья.. Ля ля ля



28 May, 2013

Хаана байна тэр хавар / Дээврээс дуслах/

Блогчин залуугийн шүлгийн ном гарсан сураг дуулаад номын дэлгүүр орлоо. Олсонгүй. Олуулах гээд чадсангүй.

Цасны чимээ блог ертөнцөд танилцсан хоёрхон найзын минь эрэгтэй нь. Нөгөө нь мэдээж гуталчин. Бусдыг нь би жинхэнээр нь мэддэггүймоо угаасаа намайг тоож танилцаагүйм гэж гомдож явдын этр кк.

Тэгээд тэр номоо надад явуулдаг элийрсэн юм ч гэж юу байх уу тэр залуу тэ. Гэхдээ тэр том номын дэлгүүрээс эрээд олдоогүй номыг эзэн нь өөрөө өгөх гээд байгаан болуу гэж бодлоо хаха. Их жижигхэн  л гээд байгаам овоо муу ном доо анх удаа хайлгаж байж уншуулкаад байгаа. Аятайхан дээрэмдэлт явжээна уу энд. Эзэн нь уншуул надтай цуг байгаарай тв8,  харин танд  таалагдсан бол манай хуудсанд лайк дарна уу этр кк.

Тэгээд уншиж үзээгүй номынхоо тухай ингэж бодсын. Зүгээр л би тэгж бодсын гэдэг шиг юм шахышдээ шахна.

Мөрөнд билүү хаана гэлээ
Шүлэгч залуу амьдардаг 
Миний өвчин шиг дурсамж
Хаврын тухай бичдэг

Түүний шүлгүүд бороо шиг юм
Чи битгий уншаарай
Би урвахаа алдсан 
Тэндээс бас нэгэн дурсамж олсон
Тэрийг л битгий уншаарай
Би одоо өөр залууд дурласан

Бусдын залууг хүлээхээр тийм их гунигтай

За сайхан зусч байна уу гэх үү, сайхан өвөлжиж байна уу гэх үү. Юутай ч шинэ өдрийн мэнд. Өнөөдөр миний нүдний хараа огцом сайжирсан мэт санагдсанд баярлан хашгичихад хүмүүс аанай л толгой сэгсэрч үгүй дээ хүү минь хотын гудамж талбай, мод зүлэг, өөр юу байдаг юм шавран хана хүртэл угаагдан өнгө орсонд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд бодсон нээрээ агаар тунгалагт ч байгаам шиг санагдсан. Юутай ч бүхнийг тод харсандаа баярлаад өөрийнхөө харах чадварыг дутуу ашиглаж явснаа мэдсэн тул маргааш гарч нүдний шил хийлгэж зүүхээр шийдлээ.

Би чинь бүгдийг бүрсгэр харж явдаг байсан байх нь байна шүү. Мммханннн..

Өө хүмүүс их догдлох юмаа энэ бороонд. Би харин сүүлийн үед яагаадчын бороонд их дургүй болсон байна лээ. Сүүлчийн цас будраад энэ тэр гээд л шүлэг мүлэг зохиодог болтоймаа бас хүмүүсийн онлайна хуудсаар л дүүрэн цас борооны тухай шүлэг. Олонхоо л дагахуу даа гэж бодоод шүлэг зохиохоор оролдьё бүгдээрээ. За явсаааааан.....

Энэ цасыг сүүлчийнх гэдгийг нь чи яаж мэдэж байгаа юм гэдэг гарчиг өгвөл ямруу?

Дээрээ цэв цэнхэр тэнгэрт үүл дэвсээд
Диваажинг би тэнд байдаг байх гэж боддог
Охид нь дурлахаараа уйламхай
Олон хоногоор шаналамхай
Доороо нов ногоон газраас хүн хүлээгээд
Диваажинд ч адил зовлон бий гэж боддог

Тэвэрт нь нойрсоход тийм амгалан болохоор
Тэнгэрийн охид миний залууд хайртай байх
Тэр их хайранд халуун яваад минь атаархаад
Тэндэхийн охидын нулимс хүйтэн байдаг байх

Бүтэлгүй дурлалын бодол борооноор ирдэг учиртай
Бусдын залууг хүлээхээр тийм их гунигтай
Энгэрээ тэвэрч цонх ширтмээр өдөржин бороотой
Эндэхийн залууг хүлээгээд тэнгэрийн охид уйлаастай

За тэр  гарчиг арай биш болчлоо тэ ккк.




27 May, 2013

Нүдний чинь гал голын чулуу шиг

Хар аяндаа инээмсэглээд, хаа нэгтээ намайг санаж явааг чинь мэдрээд, гэрэлт инээд  тодроод, гэрээс гарснаасаа хойш чамайг санаад...

------------------------

Уруул чинь цэцэг шиг
Уруулын чинь хээ цэцгийн дэлбээ шиг
Хүрч боломгүй эмзэгхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр 
Өөдөөс чинь ширтмээр 
Өөрийнхөө тухай сонсмоор байна
Миний юу чамд таалагддаг вэ
Миний нүд юу өгүүлдэг вэ
Чиний инээд заримдаа минийх шиг санагддаг
Чи яагаад ийм нууцлаг юм бэ?
Хүрч боломгүй энхрийхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр
Өөдөөс чинь ширтмээр
Өөрийн чинь тухай яримаар байна
Нүд чинь горхи шиг 
Нүдний чинь гал голын чулуу шиг

05-26 Happy birthday to guriltai shul 






24 May, 2013

Баярласан хэрээний бахираан

ӨӨӨ майя жооод...

 Шөнөжин юу яацан чинь хамаг бие өвчин орчихсон байна ш дээ. Больё оо маргааш үргэлжлүүлье гээд байхад. Тэгээд өглөө босохгүй хоёулаа ажлаасаа хоцорч байгаа байхгүй юу. 

ӨӨӨ майя жооод... 

тануус юу бодоод байгаан. Яасан балайр юм санадын. Хүн эгчтэйгээ хамт гэрээ цэвэрлэж, тавилгаа өөрчилсөн тухай яриад байхад чинь хаааггггга этр.

Өнөөдрөөс миний дараагийн шинэ эрин үе ирж байгаа шүү мэдүү. Биштий мартуулкаад байгаарай. Миний мартаж санасан, хаясан гээсэн болгон ер нь дандаа тануусаас болдог гэж би боддог шүү  этр хаха. 

за өнөөдөр чинь харин сайхан өдөр байх чинь вээ. Өчигдөр шкафаа янзалж байгаад эгчтэй нэг гоё юбканы наймаа хийсний шинж юм луу даа. Өөр ч одоо надад нээх баярлаад байх юм юу боллоо доо. Өө тийн би нээрээ нэг роман бичээд. Одоо хэвлэлтэнд өгөхжааш дээ этр гэж худлаа яриад ч яахуу хурдан жирэмсэн болохымсааа. Тэгэхгүй бол миний энэ ном бичих бүр нохойн баас боллоо шүү. Хаха жирэмсэн болоход хүүхэд чухал биш ном чухал гэнэ дээ. 

Би нөгөө тэгж боддог байсан байхгүй юу. Хүүхдээ төрүүлэх гээл хүн чинь гэртээ байна ш дээ. Тэгээл нөгөө тэр үедээ нээх гоё амар тайван завтай сайхан сэтгэлтэй байх юм шиг санаал жирэмсэн байхдаа номоо бичээл нөгөө..аймар гоё байдаг байх гэж бодсон байхгүй юу тэгээл нөгөө хаха за үг олдож үхэр холдлоо. Авд мордож аяга кофе олж ууя

өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Аан тийн нээрээ би facebook-ээ устгацын байна. Тэгээл баяртай байгаан байна. Хаха арай ч гүүмлууу ?

23 May, 2013

Сэнсэртэл хамт дуулаач

Төрөлхи чанар гэж байх. Хэзээ ч яаж ч хичээгээд  цухалздаг шиг байгаа юм. Их жижигхэн зүйл дээр ч ажиглагдана. Би ч ялгаагүй нэг тийм хачин муухай зантай.

 Хүний дор орохгүй, дор хүмүүсээр өрөвдүүлэх дургүй. Сэтгэл тавгүй хэрнээ сэнсэртэл хамт дуулаач гэж хүн гуйх дургүй. 

 Найз нь нэг тиймэрхүү.. гэж эхлэв үү үгүй юү, харин тиймээ би ч бас гэж ирээд л өөрийгөө ярьж гарах. Тэгээд дахиад л өөр нэгний зовлонг сонсох, дотроо залхах, тэгсгээд тэрний оронд орондоо ороод ганцаараа бодох нь жаргал санагдах. Өчнөөнөөр урсгамаар санагдсан үгээ хураагаад дуугүй гарч одох.

Өчигдөржин юмаа гээсэн хүн шиг, юу ч юм хүлээсэн хүн шиг хоосров. Энгийн өдрүүдэд уйдаж хамт зугаалдаг найзуудаас утасны дуудлага ч алга. Номын дэлгүүр оров. Явган алхав. Үсээ өөрөөр самнаж, хамгийн гоё даашинзаа өмсөв. Шинэ кино үзэв. Худлаа ч гэсэн инээдээр өнөөдрийг угтав. Хүмүүс тоть шиг юу байна гэж асууна. Юу ч болоогүй мэт нам тайван хариулна. 

Харин дотор минь хана үгүйлэгдэнэ. Тулж түшиж зогсож болмоор, бодлоо ил дэлгэж болмоор үнэн дутна. 

Амьдрал ирэх, явах тохиол тавилангаас хүнийг таньж сур гэсэн болохоор нь ингэж бодлоо. Бусдаас юу ч битгий хүлээж бай. Бүгд л юм бүхэнд өөрийгөө боддог.  Өнөөдөр найзад минь гунигтай байгаа тухай бус өөрийг минь хэн ирж тайвшруулах бол гэж хардаг. Жаргалтай үедээ харин чамайг мартдаг.

Тийм болохоор нь би тэрийгээ хэлдэггүй тийм нэг хачин зантай. Хүнд төвөг уддаггүй, төвөгшөөх хүмүүст сэтгэлээ уудалдаггүй өөдгүй араншинтай.


22 May, 2013

Нөхрүүд заримдаа гэртээ ирж хонодоггүй

Нөхрүүд заримдаа гэртээ ирж хонодоггүй
Нүгэл ч байгаа даа
Чи бас л тэгнэ

Надаас өөр хүүхнийг үнсэж хоносон шөнөө
Нуугаад яах вэ харин
Чи гэрээ санана

Эмзэгхэн цагаан сэтгэл рүү хөндүүрлэн байж ирэхэд чинь
Эхэлж юу ч асуухгүй ээ
Би чамайг уучилна

ийм их хайртайдаа...

Улаанбаатараас ярьж байна.

Улаанбаатараас ярьж байна
" Улаанбаатарт долоон цаг."
радиогоор ингэж хэлдэг ах
 аягүй гоё хоолойтой.    ийм шүлэг байж болох уу?  

Утасны дугаараа нэгжсээр 
унтсан байлаа өчигдөр
уулзах хүн хайгаад 
олоогүй л хэрэг дээ би. ийм шүлэг байж болох уу?  ккк


Тоомжиргүй нүдээрээ намжир хаягч бүсгүй минь
Тоо нь олонддог дурлалтай залуу насны дутуу минь
Ганган бүхэнд жаргаж яваа л гэж санахийм даа
Гал нь дээшээ харцыг чинь зүүдэлж яваад л үхье дээ.

ийм шүлэг байж болох уу? хаха, би зохиосын яадын. Шүлэг бичээд үхсэн хүн гэж дуулаагүйлдэг ккк.


21 May, 2013

Аль нь ч яахуу гэдэг хүмүүст би уг нь аймар дургүй

- Юу уухын?
- Юу ч яахуу
- Алийг нь авахын?
- Аль нь ч яахуу
-Яахуу ?
-Яасан ч яахуу...  

Амьдрал тэр чигтээ сонголт байдаг гэж би нэг удаа бодож олсын. Мэдээж надаас ухаантай хүмүүс бодоод олчихсон байсан байх л даа тэ кк. Тэгсэн өнөөдөр тэр тэнэг хариултаа жинхэнэ өөрөө хэлдэг байна ш дээ. Би юун дээр хэлсэн бэ? - мээдкү - таа л даа этр аймар аальгүй тэ хаха. 

Өчигдөр намайг яасан амиа хорлоод хонохвий дээ гэж тануус айсан уу: Ёстой гүүшдээ. Өчигдөр орой дуугаа хураалаа, өглөө инээлээ ерөөсөө чоглого гар ш дээ. живүүн байгааздээ. Уйтгарлаж явах зав хаа байна залуу насанд тэ. Ажил дээр асуудал гаруул гараализ. Авгай хүүхнүүд дээрэлхүүл дээрэлхээлиз. Гомдоод байх юм ерөөсөө байхгүй гэж нэг найз хэлсийн. Тэгээл би зүгээр болцийш дээ. Заримдаа тэнэг байх амар л юмлээ. Одоо ер нь тэнэг ч байна гэж бодож байгаа.  Ааая  урд нь лаг ухаантай байсан гэнэ дээ. Гошин шог юмаа би нээрээ.

 Хүн муулжаахаар өөрийгөө бичиж байсан нь зүгээр биз дээ.Харин дандаа өөрийнхөө тухай бодох муухай. Хааяа өөрөөсөө илүү хүний тухай бодох нь хамаагүй дээр санагддаг. Яамаар ч юм бэ дээ гэмээр, яг замын голд зогсчихоод байгаа юм шиг санагдах үе бас зөндөө л байх юм. Тэр үед аль нь ч яахуу, яасан ч яахуу гэж л санаж болохгүй шүү. Бүр болохгүй бол надаас асуугаарай би ээжээс асууж өгье. Ээж дандаа зөв хэлдийн  :)

20 May, 2013

Даанч би уйлах дургүй

Би яахвээ гэтэл энэ муу зүрх минь зовж л явдаг байх даа гэж "хааяа би боддоог юм. Тийм сайхаан ийм сайхаан бага насаа би дуулж явна аа" гэж...  Хүүхдийн дуу дуулахаар би нээрээ солгойрдоггүйн байш дээ бодоод байсан чинь.

Юу ярихжээлаа? Аа тийн зүрхээ өрөвдөөд.

Аймар амархан хөөрөөл, аймар амархан унадаг сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэйг уг нь би аль багаасаа л мэддэг байсан. Гэсэн атлаа л сэтгэл гэдэг эрхтэн тархинаас салангид оршоод, гоё зүйл сонсохоороо чамд хэлмээр, хэцүү бүхнийг чамаас асуумаар санагдах минь хэвээрээ л байх юм.

Юу ярьжийлаа? Аан тийн сэтгэлээр унаад.

 Дандаа л инээж явдаг болохоор минь хүн намайг уйлуулья гэж санасан байх. Хорвоогийн юм бүхэн сайхан биш. Аз жаргал тосдог алтан хундага минь өрөөсөн болохоор өөр нэг хацарт минь амьдрал өнөөдөр жижигхэн зовлон илгээсэн байх.

Өглөөхөн миний бодож явсан тэр сайхан хаачив гэж хайх тэнэг хэрэг  ч энгэрт минь хүнд оргиод энэ хавьцаа нэг зүйл дүүжлэгдчихээд байгаа юм шиг хэцүү байна. Даанч би уйлах дургүй, дандаа л инээж явахад минь чи дуртай болохоор.

Бусдын муухайг битгий тоо гэж хүмүүс хэлэх юм. Бусад хүмүүс чамд муухай хандахад битгий тоо гэх юм. Тэгвэл ядаж тэрнээс сайхныг нь надад хэлээч дээ. Ганцхан үг...



Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл О.Д

09 May, 2013

Миний үнэн хийгээд худал

Хүнээр тоглож байгаад эргүүлээд тоглохоор нь уурлаад байдаг хүмүүс хөөрхөн тэ. Би лав тэгдийн гэхгүй юу.

За өнөөдөр юу хийдийн билээ байз гээл бодоод суужээдаг хүмүүс бас гоё тэ. Би бас л тэгдийн хаха. Эсвэл хүүе нээрээ... гэж ирээл хов ярьдаг хүмүүстэй юм ярих бүр их аятайхан гээч. Би яг тэгжуугаад зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болдын байнга хаха. 

Хүмүүс манай нэг найз тэгсэн гэсэн гэж ярихаараа дандаа өөрийнхөө тухай байдаг гэсэн. Би тэгсэн тэнэг царайлчаад хүнд тохиолдсон явдлыг сонсонгуутаа өөртөө болсым шиг бичиж этр. Дараа нь найзууд чи нээрээ намайг байхгүй болгожээ тэр бичлэгээрээ гэж мэж этр ккк. 

Одоо ингэж хэлчихээд өчигдөр манай найз уугаад тасраад нэг ногоон залууд агсан тавиад гэнгүүт тануус ооо худлаа яриал өөрөө согтож булайгаа дэлгэчээд тэрийгээ бичжийнэ гэж бодохын байна л даа тэ. Эсвэл нээрээ нэг залуу намайг сексдээ солиотой хүүхэн байлээ гэж нэг найздаа ярьсан байгаам даа гэнгүүт ааа шаадаг гар вэ, нэг найз нь л нэг найзыгаа тэгж ярьж байхыг сонсчоод этр гэж мэгээд итгэхгүй тэ. 

За тэр ч яахуу. Би бодохдоо би байна уу, миний найз байна уу, гудамжинд таарсан өвгөн байна уу хамаагүй бичлэг л бол бичлэг. Дээр үед зохиолчдын эвлэлээс зохиогчтой уулзах уулзалт гэж их хийдэг байсым гэсэн. Тэгээд хүмүүс та тэр зохиолоо бодит амьдралаас сэдэвлэсэн үү, хэнд зориулсан юм бэ этр гэж асуудаг байсан гэсэн. Тэрэн шиг дараа тануус надаас аль нь үнэн аль нь худал юм бэ хөгшөөн. Аймар будлиантай амьдралын тухай бичжээ этр гэж намайг жоохон хөөргөөрэй за юу хаха. Тэр танд дурласан анонд та яагаад битгий хуцаад бай гэж хэлсиймбэ.Таны блогоор дамжиж тантай танилцаж найз болсон хүн яг одоо энэ уулзалтанд ирсэн үү, Та яагаад зохиол биш нохойн баас шиг юм биччээд тэрнээсээ ичдэггүймбэ, Та энэ блогийнхоо хамгийн үнэн бичлэгийг нэрлээч, таны боддог шиг амьдрал тийм гоё гэж үү, та ч нээрээ л тэнэг хүн юм даа этр гэж мэгээд асуугаарай. Тэр өдөр би бас л худлаа ярихуу эс ярихуу гэдгийг таашгүймдаа  гэж ккк

08 May, 2013

Чамайг яаж мартья даа гэж


Нэг эмэгтэй байдаг юм. Цэцэгт цагаан даашинз, дурлал, орос дуу, Есенин, Сартр, хаанаас сурсан юм гэмээр хачин танхи зангаараа харгуй мэт уртын замд чинь хань хэрэгтэйг сонслоо гэсэн шиг хаалга үүд тогшилгүй уйтгарт бодлын минь дундуур өм цөм гишгэлэн орж ирдэг.
Өөрийг минь загнагч, өөртэйгөө адилсгаж бүхнээ дэлгэгч гэгээн бодолт яруу шүлэгч минь. Хүслээрээ амьдрагч минь. Чамайг яаж мартья даа гэж эрчүүд яасан их шаналдаг бол... 

07 May, 2013

Борооноор төрсөн бодол


Усан борооноор би ганцхан хүнийг боддог 
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан 
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад 
Сүүрс алдсан. 
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч 
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан ...                             Л.Ө


Гадаа бороо орж байна.

Бүсгүй хүний үнэ цэн

Би бүсгүйчүүдийн амьдрал хувцасны шкафандаа байхдаа л хамгийн гоё ч юмуу гэж боддын. Заримдаа найз хүүхнүүдтэйгээ ээмэг бөгж ярьж, оо энгэсэг түрхэх надад лав таалагддаг.

Өглөөн нар ингэж мандсаар байлаа ч бүсгүй хүний гоо үзэсгэлэнгүй бол энэ хорвоо юугаа дэлгэж гэрэлтүүлэх билээ дээ. Охидуудаа би гоё байгаасай гэж дандаа хүсдэг.
Гэхдээ гоё гэхээрээ огтор даашинз, олон санждаг чимэг зүүлт бишийг мэддэг байгаасай гэж бас боддог.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэн гэж байдаг. Өөртөө итгэх итгэл гэж байдаг. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг бардам байхын нэр биш. Бардаж явахын нэр бүр ч биш. Гэхдээ л ядаж ганц сайхан үг сэтгэлээсээ олоод хэлж чадахгүй баян эрийг сугадаж алхахын төлөө бүсгүй хүн төрдөггүй байх.

Баян эрчүүдийг би муухай гэж боддоггүй. Харин бүсгүй хүн бүхнийг өөрийн болгож чадна гэж боддог тэр бодолд нь бүсгүйчүүд өөрсдөө сайн дураараа багтдагт дотроо харамсдаг. Тэд нар явуулын эмэгтэйд явуулын л ханддаг. Дайрч ирээд,  даллан оддог эрчүүдийн бараанаар байдгаа барин гүйдэг бүсгүйчүүд яасан олон байнав дээ. Би лав эрчүүдийн буруу гэж бодож чадахгүй. Хамгийн тэнэг баян эр ч хэнд яаж хандахаа мэддэг ухаантай л байгаа. Тэд ч бас үнэн зүрхнээсээ хайрлаж дурладаг л байгаа.

Хэн нэгнээр хайрлуулмаар байгаа бол хайр татам бай гэж үг байдаг юм. Харин ядуу эрчүүдийг  энд ярихгүй. Тийм хүмүүст би угаас дургүй.

Эцэст нь хүн бүхэн хувь тавилангаараа амьдардаг гэдгээр бүгдийг бөөрөнхийлөөд өндөрлөе дөө.

01 May, 2013

Гадгаадад суугаа миний эгчид



Аймар зэвүүн байгааз дээ. Би ч ер нь зэвүүн л дээ. Аль нь жинхэнэ зэвүүн бэ гэссс ккк.

Дээр үед намайг хүүхэд байхад / одоо том болсон байх нь. Аргагүй ш дээ элдэв юм дутсан этр гээд хүмүүст дооз хэтрүүлж уу гэж хүртэл загнуулаад муухай үгийг нь уншмааргүй санагдангуутаа устгаж мустгаад байгаам чинь том хүн л байгааз дээ хаха/ оньсого их таалгадаг байжуулээ. Эгч бид хоёр бага ангийн унших бичиг номноос цээжилсэн хэдхэн оньсоготой чааваас кк. Тэгээд аяга угаах болохоор л оньсого таалцаад эхэлнэ шүү дээ.

мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ
- сар
авдар дээр алтан аяга тэр юу вэ
- нар
түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ
- зараа
түнтгэр өвгөн түмэн жадтай зараа тэр юу вэ
- тийм оньсого байдгүйн хөөе
байдын хөөе энэ чинь оньсого гэдэг оньсого
- тийм оньсого байдгүйм аа
байж л байгааз дээ, өөрөө тааж чадкуун байж еэеэ бөөө-- ввв--өөө. Аягаа угаагаарай гээл гүйгээд явчдаг баагий байлаа ш дээ. Эгч ч гэж эгч тэгээл дүүдээ зарагдаал аяга угаагаад суужээдаг тэ. Заримдаа мань хоёр сүрхий муудна. Миний хувцасны шүүгээ доор нь, эгчийнх дээр нь байдаг байсын. Тэгээд нэг мэдэхэд миний гага мага давхар андуурцан тууж явна. Бас аав ээж хоёр шинэ хувцас авч өгөхөөр бөөн булаацалдаан болно. Яджаахад тэрсхэн гээд ав адилхан размертай, хоёр өөр өнгийн хувцас авчирнаа.
- Хоооо хөх нь минийх гээл ухасхийгээл шүүрээд гүйхэд эгч ард байнга гомдол нэхэж үлдэнэ лайтай. Яагаад ч улаан өнгөнд тийм дургүй байсын ахах. Би ч авахгүй чи ч авахгүй гээд нээх хөөрхөн улаан плаж байхад чинь. Нэг удаа бүр эгчийгээ уйлуулчихжүүлээ би ч их  живүүн шүрэн толгой байсан байгаам.

Өрөөндөө багтахгүй нь уу та хоёр гэж ээжид загнуултлаа муудалцдаг байсан үеэ их санах юм даа. Өвөртөө орж унтахсан. Тэгж ярихын бол миний мөөм таныхаас том юм чинь гэж хөөрлөхсөн. Тантай уулзах гэж ирдэг ах нараас таныг дуудаж өгснийхөө төлөө 500-ийн шокладь авахсан. Гоё плажийг чинь хэлэлгүй өмсөж зугаалганд яваад заваартуулж орхихсон. Зэмлүүлэхсэн. Хадгалсан мөнгөө нийлүүлж байгаад ээждээ бэлэг авч өгөхсөн. Том болоод дарга л болно гэдэг тэнэг дүүтэйгээ одоо нэг оньсого таалцаач дээ. Тоглоом наргиан дундаа зэмлэл хавчуулсан ч толгойг минь илж дандаа эрхлүүлдэг эрх дүү чинь удахгүй хадамд гарна. Айлын хүн болно. Аавынхаа гэрт хоёулаа ахиад нэг аягаа угааж, аврынхаа ёроолоос ёотон үнэртье л дээ.

Таныг анх гадаад явахад миний бичдэг байсан захиануудыг та одоо ч гэсэн хадгалдаг. Харин би харахаараа бичсэнээсээ ичдэг. Харь холын оронд хань ижилтэй, бяцхан жаалтайгаа амар тайван амьдарч буйг чинь харах сайхан л байдаг. Ахиад бяцхан гүнжтэй болох гэж байгаад чинь баярладаг. Гэхдээ л би таныг ямар их санадаг гээч. Хоол хийж чадахгүй хуруугаа эсгэдэг минь хэвээрээ, хог соруулж яваад булан үлдээдэг минь ч хэвээрээ, ээжийн үгэнд ордоггүй минь, ааваар түрий барьдаг маань ч, өчүүхэн юмандд гомддог маань, өөрийгөө өмөөрдөг маань, сав л хийвэл нэгийг сэдэж суудаг маань, салбадай царайлаад тэр нь бүтэлгүйтдэг маань ч бүх юм хэвээрээ л байхад та алиа хэзээний ээж шиг, дов толгод шиг өдрүүдэд зүгээр л урсаад л амьдарчих юм шиг намбархаг болчихсон байх. Угаас ч тийм байсан шиг. Дандаа л таны үгийг сөрдөг, залхуурдаг, дийлдэг байсан хэрнээ таныг унтсан хойгуур бичгийн чинь хэвийг дуурайж хуулж бичдэг байсныг минь, гаднаа өөрийнхөөрөө зүтгэсэн ч дотроо үргэлж үгийг чинь дагадаг байсныг минь та мэдэх үү. Тэгсэн ч одоо хэрнээ ядаж л таны хийдэг байцааны салатыг ч адилхан хийж сураагүй ухаан муутай дүү чинь өөрөө өөртөө оньсого зохиосоор л явна. Харин тэр тэнэг бүхнийг минь ойлгох, таах, тааварт минь хариу өгөх, хариултаараа ухаан нэмэх хүн дутуу л юм шиг өдрүүд олон байх юм аа.

Үгүйг чинь үгүйлэх охин дүү чинь өнөөдөр яагаад ч юм  ганцаардаад байна.