29 May, 2013

Эрка

Зөв цагтаа зөв газраа өөрөө олж очоорой гэж нэг хүн надад хэлсэн юм. Намайг энд байх ёсгүй, үүнээс өндөрт байх ёстой гэж гүн бат итгэдэг найз минь л дээ. Амьдрал нь дандаа л  гэв гэнэтийн учрал тохиолоор дүүрэн явдаг ангаахай анд минь.

Яагаад ч бид ийм нэг амь холбоотой болчихсон юм. Хэзээний л чи үгүй бол миний сэтгэлийн тойрог дугуй дутуу шиг санагддаг. Санаагаараа зохиож найзлаагүй ч салахгүй хүмүүс гэж байдаг бол бид байх гэж би боддог. Миний гунихаараа яадгийг, инээхээрээ яадгийг, яг ингээд хэлчихвэл юу гэж хариулахыг, гадаа бүүдгэр үдэш хаашаа алхдагийг, нэг найзтайгаа гэж ярьвал тэр нь хэн байдгийг, эргэлзсэн асуултаа хаанаас нь эхэлж тавьдгийг, биеийнх нь жин хэр хэлбэлзэж байгааг, бичсэн шүлгээ хэнд зориулсанг гээд за даа чиний мэдэхгүй миний зүйл гэж үгүй дээ.

Оюутны ширээний араас Амитабаг тайлбарлаж байхад минь анх чамаар би бахархсан гэж нэг удаа ярьсан юм. Хүнд өгөх өчүүхэн гэгээтэй яваадаа би бас баярласан. Миний найзууд л намайг  тоож онгироодог хойно та нартаа л эмэгтэйхэн, эрч хүч, инээд баясал, илүү дутуугүйхэн амьдрагч мэт санагддаг бол болоо доо.

Ард урдаа орох атаагүй бидний амьдралын зам адилхан биш хэрнээ аз жаргал түүдэг араг савар минь ижилхэн. Бидэнд ирж буй, бидний  яг одоо сонгож буй энэ замаар ингээд  гараасаа хөтлөлцөөд гүйвэл хаана очих бол гэж бодлоо. Хээрийн цэцэгт тал, хээрийн цэцэг шиг хүүхнүүдийн тасхийсэн инээд, өндөр өсгийт, өөрсдөөрөө баахан бардамнах шүлэгч үдшүүд,  эмзэглэл догдлол, их эртний бодролууд, улс төр, уруулын будаг, гал нас, ирээдүй их тод хэрнээ урт юм аа. Сүүдэрт орчлонд үлдэх мөртэй явах яасан сайхан билээ найз минь.

Хүмүүс бидний тухай ярьж л байг. Бүр муулаг. Тэдний өмнө амьдарч байгаа нь бидний буруу биш дээ, яадаг юм.

Хамтдаа дуулья.. Ля ля ля



No comments: