11 February, 2011

Шанаагаа тулан чамайг ажин суух цаг хугацаа...

Т
                 Нүдээ нээхийн төдий л өдөр өнгөрчих юм. Надад цаг хугацаа өгөөч. Өөрийнхөө тухай, өөр бусад хүмүүст өгч чадах хайр энэрэл, хүсэл мөрөөдөл, хүрэх эцсийн цэг, орчлон ертөнцийн тухай бодох гэсэн юм.Өдөр хоног дэндүү хурдан өнгөрөөд, өөрөө ч мэдэлгүй би  эндээс, эх дэлхийгээс улам бүр холдоод л байна. Заримдаа шөнө гэж байддаггүй байгаасай гэж өглөө болохыг хүлээж ядан нойргүйдэн хөрвөөж хоносон минь цөөнгүй. Бас дандаа ингээд шөнө байгаад л байгаасай, үүр цайж өглөө болохоос өмнө өөрийнхөө тухай, өөр бусад учир нь орооцолдсон зүйлсийн тухай ахиад жоохон бодоодохьё байз, шөнө удаан өнгөрөөсэй, жижигхэн өрөөнд бүдэгхэн гэрэлтэй байх надад хангалттай тохитой байна гэж цаг хугацаанаас чаргуулдаж гуйсан минь ч бас олон.  
               Би хүмүүсийн тухай бодмоор байна. Тэд нар юу бодож амьдардаг бол? Яг над шиг лав биш санагдах юм. Тэд нар бие биендээ тусалдаг. Бие биенээсээ саналыг нь сонсох, тусламжийг нь авах, тэрнийх нь дагуу шийдвэрээ гаргах дуртай. Өдөр тутмын амьдрал нь тэдэнд хачин сайхан зохидог. Хүүхнүүд өдөржин дэлгүүрээр хэсч ээмэг зүүлт, эрдэнийн шигтгээтэй гоёл худалдаж аваад л.  Энд тэндгүй тольдож гоодоод л, гүйгээд л.. их сонирхолтой бололтой юмаа.  Энэ  бодлын суунагтай, босон харайх сэтгэлийн хөөрөлгүй бүүдгэрхэн ертөнцөөс минь тэр шил тольтой , шижир алт, шинэхэн хосуудын болзоотой амьдрал хамаагүй гоё байж таараа. Эх газар дахь  бодол нь үл мэдэгдэх хүмүүс, өрсөлдөөн, өөдлөн дэвжил, алдаршил, атаа хорсолтой хүний амьдралын тухай бодмоор байна.

Бас өөрийнхөө тухай бодмоор байна. Сонголт хийж байгаа нэгэнд сайхан замыг нь харж байгаа хэрнээ санаагаа нэмэрлэдэггүй, сайрхаж үүнийгээ тэр хүнд  өөрт нь сонголтыг нь, амьдралыг нь үлдээсэн хамгийн том буянтан гэж боддог. Хааяа үүнийг хараад хүмүүс намайг  хар амиа хичээгч гэж хараадаг. Гэтэл  үнэндээ юу ч мэдэхгүй гэдгээ л хамгийн ихээр мэдээд байгаа хэрнээ юуг яаж мэдэх аргаа олж ядан сэтгэлийнхээ өнцөг булан бүрээр хэрэн тэнэхээс өөр чадалгүй, бүдэг бүгээн өнгө бүрээр л төлөөлүүлж болох би гэж хэн юм бэ?
           Эр хүний дэргэд аашлан аяглах нь адын гэмээр,  хацартаа инээд далласан хонхорхойтой ч хажуухан дээр нь нулимс тоссон мэнгэтэй, хайрлан нандигнах, харамлан ярдаглах, элэгсэн халамжилж, энэрэн нигүүлсэх хүнлэг болоод араатанлаг ад шидийн ааль бүхэнтэй өөрийг минь ажин суугаа орчлон гэж чи юу юм бэ? Ондоо миний мэдэхгүй, төсөөлөөч үгүй ямар нууцыг чи хадгалж байгаа бол? Чиний гарт миний хувь тавилан байдаг гэж үнэн юмуу, эсвэл чи миний хүслийг биелүүлэхийн төлөө өөр нэгний тохиол боломжийг хүлээн  өөрийнхөө тухай, миний тухай бодох цаг хугацааг нэхэж суудаг  над  шиг л эгэл даяанч юмуу. Би чиний тухай бодмоор байна. Чи энэ цаг мөчийг үл ялигхан сунгачих л даа. Өглөө сэрэх, орой унтахдаа хүртэл би түүртээд байна. Би зөвхөн яг ингээд л суугаад баймаар байна. Даяанчийн амьдралаараа удаан бодлогоширмоор байна.
            Гэхдээ өө энэ орчлон гэдэг чинь энгийн гээд амьдарвал эрээн даашинз, элдэв чамин аашлал надад байна. Эс хүсвээс энэ орчлонг эгэл бус юм, энд утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй юм, энгүй уудам юм гээд ажвал ирж одогсдын зам эхлэхдээ хаанаас, төгсөхдөө хаана гэдгийг, эхийн хэвлийгээс эргээд тэр зүг хүртлээ юуны төлөө бодож сэтгэн, шаналан гунихарч, шаавайлан яарч, адган зөрж амьдрахыг араас нь яваа, араасаа ирэх  ай түмэн  цусан зүрхтэн бүрт хэлж өгөх гэсэн юм би. 
Орчлоон ..  Надад шанаагаа тулан чамайг ажин суух цаг хугацаа өгөөч, би бодмоор байна. Чамаас гадна оршихыг хүссэн энэ хэсэгхэн бодлогошролын араас...

2 comments:

sara said...

sanaa aldav.....

~~~JOURNEY~~~ said...

Hezee ch tugsushgui baisan ch unshaad l baimaar bailaa.