18 February, 2011

Шар мөрөний эргээс

                 Өчигдөр хятадын билгийн улирлын шинийн арван таван буюу Дэнлүүний баяр  боллоо. Айл бүхэн хөл хөөр болоод л, ер нь ч цагаан сарын хөл намжаагүй байгаа цаг л даа одоо.
Сонсохнээ битүүний өдрөөс эхлэн тоолж энэ өдрөөр цагаан сарын баяр өндөрлөдөг. Энэ өдөр өөд болсон хүмүүс ирж дотно хүмүүстэйгээ уулзаад буцах замыг нь дэнлүү гэрэлтүүлдэг гэсэн. Хөөргөх дэнлүүн дээр хайр гэсэн ханз байсан нь үүнтэй холбоотой юм гэж бодлоо. Гэхдээ ихэнхи хүмүүс нь хүслээ хэлдэг юмаа гэж тайлбарласан. За тэгээд хүсвэл өргөн талбай, хүн зон цугласан газар очиж дэнлүүгээ хөөргөнө, эсвэл энүүхээн хавьцаанаа нисгэчихсэн ч болно. Бидний хэдэн гадаад хотын төв талбай орж сонирхохоор явлаа. Ээ бурхан гончиг сум минь энд бас зам ингэтлээ  түгжрэх гэж байдаг аа. Улаанбаатараа санаад уйлмаар ч болох шиг... За тэр яахуу нээрэн пиг. Золиг гэж... Автобусууд үүдээ нээгээд зогсчихсон хүмүүс нь хүслээрээ бууж суугаад л өөр яалтай ч билээ дээ. Такси барилаа гээд, таньдаг нөхрөө дуудлаа гээд биднийг нисээд зөөх биш. Дөнгөж л Шар мөрөний гүүр давах гэж байдаг. За тэр төв талбай ч яамай болов бололтой. Эндээ хоноглоно байгаа гэдэг шиг... Үгүй ер нь явж явж зөв газараа буучихсан юм биш үү айн. Хөл гишгих зайгүй түмний хөлд чирэгдэж байхаар уужуу тайвуухан хүслээ хэлэхэд, хөөргөхөд энэ мөрний эрэг яасан сайхан зохих бол... 
             
          Ай Шар мөрөөн. Нүргэлэн шуугих их мөрөөн. Ажаад зогсохнээ урсгал чинь яасан тайван, анир нь удаан сонсохнээ яасан эрэмгий. Нүүгэсэн их чимээг чинь сонсохдоо гуниггүй алхвал мөрөн дамнасан сайн эрсийнх нь лимбэний эгшиг гомдмоор ай яасан уйтай...
    
            Хүн бүхэн хүслээ хэлж дэнлүү хөөргөнө. Өнгөрөгсөдөө хүндэлж зул өргөнө. Гал дээгүүр харайж ариун, амар амгалан амьдралыг бэлгэднэ. Чимээ гаргаж муу бүхнээ хөөнө. Уламжлалт зан үйл ийм.  

Хүн бүхний хүсэл нэг зүгт одохыг харах сэтгэл догдолмоор байлаа. Тэд бүгдээрээ сайн сайхныг л илгээсэн байж таараа. Саваагүйдээ биш сэтгэлээсээ хэлэх үг байсан болохоор би ч гэсэн дэнлүү хөөргөсөн. Тийшээ миний хүсэл бас нисч одсон. Тэнгэр лүү..
Тэнд миний хүсэл биелэхээр яваа..
          Дургүйгээ хүрэхээр хужаа гэж хараачихаад харимаар санагддаг ч дуу, нулимстай дэлхий минь л шүү дээ гэж боддог. Энд ч гэсэн хавар болж байна. Энд ч гэсэн хүмүүс амьдарч, амьдрахын төлөө тэмцэж, туйлдаж, тэгсэн ч сайхныг хүсэх сэтгэлийн очоо тээсээр их мөрөндөө ирж байна. Ээж нь хүүгээ тэжээх гэж шишийн талбайгаа зорьж байна. Хаа ч л адилхан хүний тавилан биш үү дээ. 

             Хүсэл бүхэн биелээсэй.  Хүж дэлхий амгалан байгаасай.





1 comment:

Anonymous said...

wooooow