14 February, 2011

Хамгийн гоё гунигийг ...



Чи минь наддаа халуухан хайраа өгсөн
Чин зүрхний үгээ тэгэхэд шивнэсэн
Би чинь чинийхээ гэгээхэн мөрөөдлийг биширсэн
Бид хоёрын хайр чимээгүйхэн ирсэн
             Нүүдлийн шувуу намартаа буцах шиг бид хоёр холдсон
             Нүдэндээ гуниг тээж чамайгаа хүлээсэн
             Хайр минь наддаа мөнхийн залуугаараа үлдсэн
             Хамгийн жаргалтай үе минь тэр байсан
Хаш мөнгөн хан сарыг ширтэн байж хүслээ дэлгэсэн
Хайр шиг хайраа харамгүй өгсөн
Аз жаргал хамаг биеэр урсан гүйж ханамгүй жаргасан
Ариухнаас ариухан хайр минь тэр байсан
             Он жилүүд алганы хээ шиг нууцхан хөвөрсөн
             Омог бардам залуу нас хулжин одсон
             Үе үехэн би чамайгаа үгүйлэн санадаг
             Үлгэрийн тэр дурлалыг дахиад нэг...

         Энэ миний дуртай хэрнээ хааяахан сонсохоосоо хүртэл эмээдэг дуу минь. Хүрэхийн төдийд хөндүүр явдаг хамгийн нандин дурсамж минь. Үг нь, ая нь хамаг биений үс босгоод л... Сэтгэл зүрхийг минь юу ч үгүй болтол сарниан бусгаж сандаачиж орхидог.
Одоо ч гэсэн сонсмоор л байна. Гэхдээ битгий. Би айж байна. Чамайгаа дахиад үгүйлэн ганцаардахаас,эцэж туйлдсан сэтгэлийн ганилангаас ганцаар буцна гэхээс...
         Чи надад хайртай шиг би чамд хайртай байтал, бичиг нь баларсан захиа шиг тийм удаан он жилүүдийг туучин бие биерүүгээ тэмүүлэн явсаар байгаа хэрнээ яагаад үргэлж хамт байдаг жаргалтай хосууд байж болдоггүй юм бэ? Би чамайгаа маш их санаж байна. Гэвч санаад очьё гэхэд зориг хүрэхгүй ийм үед зүгээр л хар аяндаа уйлдаг гэдгийг би одоо мэддэг болсоон. Чамайг уйлахад...  намайг уучлаарай. Хэрвээ ахиад ганцхан удаа хувь тавилан биднийг дооглон инээж хуурч тоглосон гэдгээ хэлвэл би хамгийн түрүүнд чамдаа бодлоос чинь салдаггүй бяцхан оймсыг би ч гэсэн бодоод л байх юм хачин байгаа биз гэж хэлнэ. Чи лав баярлана даа.
Бяцхан нүд, бяцхан уруул, бяцхан хөл хэнийг нь дууриах бол.. бодоод л баймаар.
        Харин одоо хайртай гэвч  харихад нь өөр хэн нэгэн хүлээж байгаа бол яанаа гэж айдаг болсон. Бас үгүй байх, минийх байх, надад хайртай хэвээрээ байх, намайг санадаг байх, яг одоо ч гэсэн хүлээж л байгаа байх гэсэн гэнэн хүсэлдээ найдсаар л сууна. Бүтэхгүй байсан ч горьлогоо гээхгүй гэж ингэтлээ их хичээгээд л... Хайртай гэж хэлэх, хамт амьдрахын хооронд хичнээн хугацаа хэр их үнэн сэтгэл байдгийг мэдэхгүй ч одоо бүгд л өөр өөрийнхөө замаар явж одох хойно доо. Амьдрал тийм ч урт биш. Арван жилийнх шиг ардаа алга ташин хөөцөлдөн тоглох цаг бидэнд байхгүй. Гэхдээ хайр бүхэн адилхан харамгүй өгөөд л байдаг. Би чамдаа өгч чадах бүхнээ өгөхийг хүсч байна. Чи надад хайртай байлаа ч, өөр бүсгүйтэй байлаа ч, өөрийг минь гомдоосон байлаа ч өнө удаанаар би чамайгаа хайрласаар л байх болно. 
        Насан туршдаа чи миний хайр, халамж, хардалт, хагацал гуниг, амраглал, аз жаргал аль бүхнийг мэдрүүлсэн, хамт биш ч хааяа хааяахан хамгийн ихээр үгүйлэн санагдах анхны хайр минь үүрд хэвээрээ байх болно. Амлая, чи надад амласан шигээр.. Хоёулаа одоо хэзээ ч салахгүй. Бидний зүрхэнд мөнхийн хайрын үл үзэгдэх алтан утас байгаа. Бас хэзээ ч хамт байж чадахгүйг үгүйсгэж чадахгүй нь. Яагаад гэвэл би ч гэсэн чамтайгаа уулзахыг, ойлголцохыг дандаа хүсдэг ч хөтлөлцөөд оройжин алхдаг хөдөөгийн буйд суурин, хөөрхөн гэж чиний үнсдэг хонхорхой хацар, чиний үнэр, чихэр балын амттай анхны үнсэлт, гэрлэнэ гэсэн гэгээхэн мөрөөдлөөсөө бид эрээн өдрүүдийн өнгөнд түүртэн одоо улам бүр л холдсоор байна.
   Энэ бүхэн хувь тавилан юм байлгүй дээ. Хоёулаа ингэж л бодож явья.
"... Хувь тавилан биднийг эхлээд харамгүй дасгаж, эцэст нь хайргүй салгажээ. Гэхдээ амьдралд хамтран жаргаагүй ч насан турш дээдлэн зүрхнийхээ зайд тээх уянгын дуулал болсон Хандармаа  хэзээд надад байх болно. Энэ бол амьдралыг туулахдаа нээсэн сэтгэл зүрхний минь дархан цаазат ноён оргил юм. Хэрвээ эрдэнийн энэ уул үгүйсэн бол гагцхүү хайр энэрлийн сэтгэл дээр цэцэглэн соёолох  хүнлэг нинжин чанар бүхэн минь шүтээнгүйднэ. Сэтгэлийнхээ сүрлэг энэ онгон дархан хайрхан өөд өөрөө ч би өлмий хүргэж үл зүрхлэнэ. Тэрээр тансаг ариунаараа зүрхнээ гэрэлтэн, хүршгүй өндөртөө байхын заяатай Гандирсын сайхан хотын миний сайхан Хандармаа,  баяртай... "
       Энэ зохиолын хэсгийг би хайрын тухай хамгийн гоё гуниг гэж боддог. Чамдаа зориулья даа.  
                                           Хамгийн гоё гунигийг...

2 comments:

dulguun said...

yamar aguu hair ve, ter hairiin ezen olj unshaasai. ta 2t az jargal huseye saihan hair bdag yum shu oldvol aldaj bolohgui

Эртний анд. said...

bayarlalaa andaa