27 March, 2011

Миний охин ээждээ ирнэ

      "Далайцэрэн давсаан" ыг бичихдээ би найдан хүлээх итгэлийн цогтой, хэнийг нь мэдэхгүй ч хэн нэгнийг буруутгамаар, үгүй гэж бахирмаар үл итгэхийн манантай байлаа. Одоо харин орчлонгийн өнгө алаг биш гэж зүтгэмээр, хэнийг нь мэдэхгүй ч хэн нэгнийг хаймаар, ирнэ гэж хүлээмээр, итгэн найдахын сэтгэлээр үүнийг бичиж сууна.

Үнэнийг хэлэхэд ийм хурдан яваад өгнөө гэж би санаагүй. Эгчийгээ очиход инээгээд тосно доо гэж, зун бүгдээрээ зугаална даа гэж, цүнхэндээ дүүрэн чихэртэй тэвэрч үнсэнэ дээ гэж итгэж найдаж явсан юмсан. Ээжтэй нь, аавтай нь, бяцхан Эмүтэйгээ хөдөө явна даа гэж хэлж тохирсон юмсан. Гэтэл мөнх бусын хорвоод тэр минь яаруухан ирсэн байжээ.
        Ээжийнхээ гэдсэнд ирсэн баярт мэдээг Их сургуулийн танхимнаа аминчлан хүүрнэж учирсан анд минь байлаа.

       Манай хоёрынх аравдугаар хороололд хэдхэн алхмын наана цаана байдаг байсан юм. Өдөртөө нэг очиж өөдгүй жаалыгаа тэвэрч үнсэхгүй бол гэр сургуулийн замд  гээсэн  зүйлтэй мэт харьж чаддаггүй  байж билээ. Харин сүүлдээ гэр холдоод уулзаж чадахаа байсаан. Сураг сонсохноо хөөрхөн инээдэг болсон гэнэ, хөл дээрээ зогсдог болсон гэнэ, ширээ түшээд ганц хоёр алхаж байна, шийтгэвэл таарсан золигийн аав гарыг нь эвгүй болгочихсон гэнэ, эдгэсэн гэнэ, эргээд эмнэлэгт хэвтэж гэнэ, энэ удаагийнх их хүнд хагалгаа гэнэ, эмч нар хавдрын талыг нь авсан гэнэ, гэртээ гарсан гэнэ, гэрийнхэн нь бүгд дуу сулхантай байна гэнэ, гэнэтхэн өвчин нь хүндэрч гэнэ, эмчлэх найдваргүй гэнэ, эмээ өвөө дээр нь авч очьё доо гэнэ, энэ ертөнцөөс холоо явсан гэнэ.
     Чихэнд минь дандаа сургаар уятай өссөн охиндоо хоёр чихэр аваад очиж чадаагүйдээ харамсах юм. Холоо явлаа гээд би түүний явснаас ойрхон л байж шүү дээ. Сэтгэл дутаагүй ээ гэхдээ ийм хурдан гэж санаагүй. Эхэр татан уйллаа ч элгэндээ наах үр нь үгүй ээжийнх нь түнэр зовлонгийн дэргэд миний нулимс эрхийгээ эсгэхийн дайтай өчүүхэн хөндүүр гэлээ ч элэг минь эмтэрч байна. Дэндүү олон  нартай өдрүүдийг, дэндүү олон жаргалтай өдрүүдийг байлгаж чадсангүй. Гэхдээ тийм олон сүүдэрт өдрүүдийг тэр бас харахгүй. Хэндээ ч гомдох билээ дээ. 

Аав нь улсын наадмаар захыг нь мужгин уухай нэмэн суудаг ганц бөх минь. Хүдэр чийрэг миний анд дотроо нуран суугаа даа. Инээд алдан уулзах өдрийг тэсэн ядан хүлээсэн юмсан . Одоо харин зугтмаар байна. Уул шиг ханхар эрийн уйлахыг харж зүрхлэхгүй нь.

Үйлийн чулуугаар айл гэрдэн тоглочихоод үрсээ буцаадаг бусдын нүглээс өөр л зовлон шүү. Алгаа тосон гуйж, амь шигээ энхрийлэн өсгөсөн юм чинь охин нь гомдоогүй ээ. Өөр олон сайхан учрал бүрээр дахин ирнэ.
              "Миний охин ээждээ ирнэ".

5 comments:

Windy said...

одоо ойлгожийн өмнөх бичлэгүүдийг нь,
үнэхээр чиний хэлдэгээр эх эцгийнхээ сэтгэлд мөнхөрөн оршино доо... эхийн шаналал зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй, өөрсдийгөө бага буруутган зэмлээсэй

Сувдаргана said...

хорвоо чи хүний нулимасанд цадах бологүй юу .... энэ үг хамгийн түрүүнд санаанд бууж байна. Гэхдээ цаг хугацаа ангарах тусам мартагддаг...залбарнаа би...

Эртний анд. said...

bayarlalaa hoyor anddaa.

gerelee said...

yu gej bichihee ch medehgui yum. ene medeeg chamaas duuldiin baij, chamaig bodwol hamagui oirhon bga bj neg udaa ch setgeliig ni zasah ug helj chadaagui uudgui ch amitan yum da bi,huurhiiduu muu nz mini yamar ih shanalj bga bol... bichlegig ni unshaad hooloi zangiraad.hariugui ursgah ni...gehdee uilj boldguim genelee,sain turliig olohod ni zamd ni ih us bolood gatalj chaddagguim genelee. minii nz ch gesen bitii uilaaraai zaa.

Эртний анд. said...

harin tiimee uilaagui uilahgui uilj bolohgui shu de