19 February, 2013

Сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё

Аливаа хүн ер нь өөрийгөө л таньж мэднэ гэдэг хамгийн чухаг.

За тэр ч яахуу.

           Сэтгэлээр навс уначихаад босоод ирсэн байх бас гоё тэ. Хэцүү үе хүн бүхэнд л байдаг. Өөрт байгаа бүх зүйлсээс өөрийгөө ангижруулмаар, цоо шинэ ертөнцөд цоо шинээр амьдармаар, энэ байгаагаасаа зугтмаар санагдах үе надад байлаа. Яагаад ийм байдалд хүрэв, яагаад нөгөө сэргэлэн цовоо, цагаан цайлган, уужуу тайван, ухаантай Анд ийм "муухай" болов. Хүн бүхэн шивэр авир ярилцаж, хов хөөж, найзууд зарим нь зэмлэж, зарим нь долигнож зарим нь бүүр даапаалж, далим үсэргэн өөртөө нэгтгэх гэж ятган, хүн хүний чанар тэр "булан"-гийн амьдралд л илэрдэг юм билээ шүү. 

Онхол донхол ороо бусгаа замаар эцэж ядран авирах, оргилд хүрэхдээ түрүүлэхийн төлөөнөө улайран тэмцэх, хэн нэгэнд шарлахан заавал давж гараад дээрээс чинь нулимж зогсох өдөр ирнэ дээ гэж  шүд зуун тэндээсээ дахин нэг алхмаар буруу гишгих амархан. Тэр замд ганцаардал зөндөө таардаг, ханьссан бүхэн бас л тийм замаар тэр оргилд гарахаар тэмүүлэн яваа тул хэрэгтээ газар хэрэгтэй цагтаа чамайг ч шат болгон ашиглахад бэлэн явах нь мэдээж. Түрүүлж чи гишгэж чадвал аз боловч сэтгэлийн амгалан хэзээд үгүйрдэг. Тэсвэр тэвчээр, хүч чадлаа баран байж туйлдан очсон уулын оргилоос доошоо харах гоё л доо. Гэхдээ тэр цагт, тэнд хүрээд л амьдарна даа, жаргана даа гэж насан турш аахилан уухилан бартаан дундуур нэр төр, алдар гавьяа, найз нөхөд, баяр хөөрөө нухчин туучин иртэл тэнд чинь юу ч үгүй салхи сийгэж нуруу даасан хүйтэн, хоосон байвал яана.

Тэгтэл тэээр дороос энгэрээс нь халуу дүүгэж уур савссан морьтон залуус ганзага нийлэн хөхрөлдөн, хөөрөлдөн ирж явах яасан атаархмаар байх бол. Тэд уулын бэлээс эхлэн аажуу тайвуухан, гэхдээ цэх шулуухан, сэтгэл бахдалтайгаар араас ирэх нялхсынхаа замын чулууг түүсээр, хааяахан буудаллаж энээ тэрээ орчмын уулсаа ажигласан шигээ, уулын бэлд, нугад, энгэрт, оргилд амьдрал ямархан байдгийг, хаанаа дулаан, хаанаа нөөлөгтэй байдгийг хүүрнэсээр дөхөж ирнэ. Тэд л бүрэн амьдарч чадсан мэтээр хов хоосон, хүв хүйтэн ертөнцөд өөрийн тугаа хатгана. Түүнийг нь бэлийн хүмүүс чигээ болгон уул өөд өгсөнө.

Хүн угтаа юуны төлөө л амьдардаг билээ. Тэнд оргилд тугаа хатгаж, амьдарсан мөр, алдаршсан нэр, араасаа дагуулах үрсийнхээ төлөөнөө юм биш гэж үү.

  За тэр ч яахуу.

             Нээрээ хааяа сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё тэ. Тэр тоолонд амьдралын минь зорилго хэвэндээ, хөх уул минь тэндээ л байхад зам мөр минь зөв яваа юм даа гэж санадаг. Амжилтанд хүрсэн алдар нэртэй улс олон л байлгүй яахав. Гэхдээ амьдралын сайхныг мэдэрч дууссан нь хэд юм болдоо гэж хааяахан бас бодогддог л юм.  Хүн бүхэн уулынхаа оргилд хэзээ нэгэн цагт гардаг. Хэзээ нэгэн цагт шүү... Заавал. Харин яаж гэдэг зайлшгүй бус юм даа.


Анд нь өөртөө гэж ийм үг олж зохиов шүү. Уулын оргил дахь зорилгоо харсан хүнд гутлын чулуу тээглэдэггүй. Аваад хормойлчих хүү минь. Араас чинь яваа ай түмэн үрсэд тээг бүү болог.



3 comments:

Keesh said...

зөв чиг шугам, зүтгүү хичээнгүй зан байхад амжилтанд хүрэхгүй хаачихав гэж боддог. надад даанч аль нь ч байхгүй л дээ.

Anonymous said...

Шааааааал...........!!!!!!!!!

Лили said...

saihan sanaa. huviin experience-see, ayagui tom yum hellee :), bolomjid hureh zam en teriig hurgehsen geel bodoh l en. neg saihan nartai udur ireh baihaa