24 January, 2012

Өврийн дэвтрээ харахаас халгах юм

         Гаднаа харахад гундуухаан,  хэлж ярихыг нь хүмүүс юман чинээ санаж сонсохоо байсанд цөхрөхөөсөө илүү дассан төрхөөр хүлээцтэй гэгч нь сайд даргын үүдийг сахин суух нь өрөвдмөөр хэдий ч нэгэн цагт боловсролын салбарын галтай цогтой залуухан боловсон хүчин явсандаа гэмээр цаанаа л нэг сэхээтэнлэг донжоор монтгор бажаанкныхаа хоншоорыг гялалзтал арчсан  нэг өвөө орж ирлээ. Хичнээн олон орж гарч байгааг нь анзаарсан болохоор хэлэхгүй байж тэссэнгүй та минь өгөх барих юм байвал үлдээгээд явахгүй юу даа гэлээ. Уг нь миний ажил биш л дээ.

- үгүй хүүхээ, өвөө нь... гэж ирээд л  оч нь бүүдийсэн саарал нүдэндээ баяр тодруулан босч ирэв. Өр ч өвдөх шиг, дагаад хөөрмөөр ч болох шиг...   Эртний эд болтой түгжээ оосор нь гарцаагүй л орос ахынхдаа гэмээр хүрэн ширэн цүнхээ ухаж ухаж навсарч хавтас нь салсан ч эргүүлээд нилээдгүй олон удаа эргүүлж наасан хуучин тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд хэсэг зогслоо.  Намайг анхаарлаа сарниулчихвий эсвэл ажлаа хийгээд алга болчихвий гэсэн шиг яаруу сандруу хааж далд хийснээ - уг нь энд би бичиж авч л байсан юм. Одоо ч олохоо байжээ. Алгын чинээхэн дэвтрийн хаана юу бичсэнээ хайгаад олохгүй ард урд нь будлиад хөгшин хүн ч дээ, миний хүү ерөөс тэр даргын утсыг шинээр бичээд аль ...  гээд өнөө дэвтрээ ямар нэг зүйлээс халгасан уу,  сэтгэл нь өвдөв үү гэмээр санаа алдалттай хамт энгэрийнхээ халаас руу бушуухан шургуулж орхилоо.
    Муу аавтай минь ч адилхан шиг санагдав. Аавд минь яг нэг ийм утасны жагсаалттай жижигхэн дэвтэр байдаг юм. Бас хайгаад л суучихнаа, олохгүй будилна, нэгийг хоёр удаа бичиж авна, хөгжилтэй ээ. Хороо хорин гээд л улс нийтийн ажилд ямар дутуу үлдэх биш дээ.  За та нар одоо тийшээ очоод тийм юм бүрдүүлж өг, тэгж бүртгүүл гээд л заримдаа бидэнд хүртэл тээртэй санагддаг хүнд тэр засаг захиргаа олон байгууллагын ажилчид яажшуухан ханддаг бол,  яалгаа юу байх уу энэ мэт хүмүүс дурамжхан байдаг болуу гэж бодлоо. Арай ч үгүй юм болов уу манай хорооны тэр, манай дүүргийн тэр гэж нэр цохож ирээд л танимхайрдаг юм чинь харин ч сайн байдаг байх. Гэхдээ л хаа газар ахмад нь биш аль эрх мэдэлтэй нь хүндлэгддэг энэ цагт хүн байж чаддаг нь хэд байдаг юм болдоо.

Хүүхдээ хэлтэй устай нэртэй хүндтэй нэгэн болгохоосоо урьтаж хүн болгож, хүн байлгаж, хүмүүжүүлж сурах юмсан. Өнөөдрийн өвөө хэлсэн юм надад. Миний охины ажил нь өөдрөг байг гэж. Өөрийн мэдэлгүй босон хараймаар тийм их баярласан, тэр өвөө хэлсэн юмчинь лав үнэн байж таараа өөдрөг байж таараа гэмээр болтол сэтгэлд хүрсэн. Гэхдээ өөрт нь тусалсанд биш, өөрийг нь өчүүхэн хүндэлсэнд ч бус зүгээр л чин сэтгэлээсээ хэлмээр болоод хэлсэн нь харцанд нь ил байсан. Гарахдаа хаалгаа хичээнгүйлэн дарж хаачихаад сэв сэв алхан одох нь залуужсан гэмээр хөнгөхөн байсан. Дараа нь би удаан бодлоо өвөөгийн хэлсэн өөр нэг үгийг. Өврийн дэвтрээ харахаас халгамаар болжээ, бүгд л өнхрөөд өгч хөөрхий. Одоо энэ муу дэвтрээ солиод ч би яах юм билээ гэх нь удахгүй өвөө нь ч гэсэн өнхрөөд л өгнө дөө гэх шиг эмзэг сонсогдоно. Хоолой зангирна...

4 comments:

Лили said...

hun boloh gdg ih yumaa. Ene bodliig yag bodson, end 2 huuheddee sain bolovsrol ugii gej irsen neg ailiig haraad, hestuuhen l sanagdsan, sain bolovsroliin une tsene gej ... ene talaar neg bichchih yumsan.

Эртний анд. said...

tiim shu hun bur aav matematikch bish aav eej boloh ni unen gedeg biluu

Монгол бүсгүй said...

чи минь энэ эрчээрээ байдым шүү, өнгөтэй мөнгөтэйнүүд нь учраа олоод явчдаг хорвоо болсон энэ үед энэ өвөө шиг хүмүүст л эхэлж тусалдым шүү...

Tsetsgee said...

Saikhan bichleg baina. Hun shig hun baih gedeg ih chuhal shuu. Suuliin heseg ni yamar ch uruvdmuur yum.