Showing posts with label Зүрхэн хавиас.... Show all posts
Showing posts with label Зүрхэн хавиас.... Show all posts

29 May, 2013

Эрка

Зөв цагтаа зөв газраа өөрөө олж очоорой гэж нэг хүн надад хэлсэн юм. Намайг энд байх ёсгүй, үүнээс өндөрт байх ёстой гэж гүн бат итгэдэг найз минь л дээ. Амьдрал нь дандаа л  гэв гэнэтийн учрал тохиолоор дүүрэн явдаг ангаахай анд минь.

Яагаад ч бид ийм нэг амь холбоотой болчихсон юм. Хэзээний л чи үгүй бол миний сэтгэлийн тойрог дугуй дутуу шиг санагддаг. Санаагаараа зохиож найзлаагүй ч салахгүй хүмүүс гэж байдаг бол бид байх гэж би боддог. Миний гунихаараа яадгийг, инээхээрээ яадгийг, яг ингээд хэлчихвэл юу гэж хариулахыг, гадаа бүүдгэр үдэш хаашаа алхдагийг, нэг найзтайгаа гэж ярьвал тэр нь хэн байдгийг, эргэлзсэн асуултаа хаанаас нь эхэлж тавьдгийг, биеийнх нь жин хэр хэлбэлзэж байгааг, бичсэн шүлгээ хэнд зориулсанг гээд за даа чиний мэдэхгүй миний зүйл гэж үгүй дээ.

Оюутны ширээний араас Амитабаг тайлбарлаж байхад минь анх чамаар би бахархсан гэж нэг удаа ярьсан юм. Хүнд өгөх өчүүхэн гэгээтэй яваадаа би бас баярласан. Миний найзууд л намайг  тоож онгироодог хойно та нартаа л эмэгтэйхэн, эрч хүч, инээд баясал, илүү дутуугүйхэн амьдрагч мэт санагддаг бол болоо доо.

Ард урдаа орох атаагүй бидний амьдралын зам адилхан биш хэрнээ аз жаргал түүдэг араг савар минь ижилхэн. Бидэнд ирж буй, бидний  яг одоо сонгож буй энэ замаар ингээд  гараасаа хөтлөлцөөд гүйвэл хаана очих бол гэж бодлоо. Хээрийн цэцэгт тал, хээрийн цэцэг шиг хүүхнүүдийн тасхийсэн инээд, өндөр өсгийт, өөрсдөөрөө баахан бардамнах шүлэгч үдшүүд,  эмзэглэл догдлол, их эртний бодролууд, улс төр, уруулын будаг, гал нас, ирээдүй их тод хэрнээ урт юм аа. Сүүдэрт орчлонд үлдэх мөртэй явах яасан сайхан билээ найз минь.

Хүмүүс бидний тухай ярьж л байг. Бүр муулаг. Тэдний өмнө амьдарч байгаа нь бидний буруу биш дээ, яадаг юм.

Хамтдаа дуулья.. Ля ля ля



20 May, 2013

Даанч би уйлах дургүй

Би яахвээ гэтэл энэ муу зүрх минь зовж л явдаг байх даа гэж "хааяа би боддоог юм. Тийм сайхаан ийм сайхаан бага насаа би дуулж явна аа" гэж...  Хүүхдийн дуу дуулахаар би нээрээ солгойрдоггүйн байш дээ бодоод байсан чинь.

Юу ярихжээлаа? Аа тийн зүрхээ өрөвдөөд.

Аймар амархан хөөрөөл, аймар амархан унадаг сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэйг уг нь би аль багаасаа л мэддэг байсан. Гэсэн атлаа л сэтгэл гэдэг эрхтэн тархинаас салангид оршоод, гоё зүйл сонсохоороо чамд хэлмээр, хэцүү бүхнийг чамаас асуумаар санагдах минь хэвээрээ л байх юм.

Юу ярьжийлаа? Аан тийн сэтгэлээр унаад.

 Дандаа л инээж явдаг болохоор минь хүн намайг уйлуулья гэж санасан байх. Хорвоогийн юм бүхэн сайхан биш. Аз жаргал тосдог алтан хундага минь өрөөсөн болохоор өөр нэг хацарт минь амьдрал өнөөдөр жижигхэн зовлон илгээсэн байх.

Өглөөхөн миний бодож явсан тэр сайхан хаачив гэж хайх тэнэг хэрэг  ч энгэрт минь хүнд оргиод энэ хавьцаа нэг зүйл дүүжлэгдчихээд байгаа юм шиг хэцүү байна. Даанч би уйлах дургүй, дандаа л инээж явахад минь чи дуртай болохоор.

Бусдын муухайг битгий тоо гэж хүмүүс хэлэх юм. Бусад хүмүүс чамд муухай хандахад битгий тоо гэх юм. Тэгвэл ядаж тэрнээс сайхныг нь надад хэлээч дээ. Ганцхан үг...



Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл О.Д

08 May, 2013

Чамайг яаж мартья даа гэж


Нэг эмэгтэй байдаг юм. Цэцэгт цагаан даашинз, дурлал, орос дуу, Есенин, Сартр, хаанаас сурсан юм гэмээр хачин танхи зангаараа харгуй мэт уртын замд чинь хань хэрэгтэйг сонслоо гэсэн шиг хаалга үүд тогшилгүй уйтгарт бодлын минь дундуур өм цөм гишгэлэн орж ирдэг.
Өөрийг минь загнагч, өөртэйгөө адилсгаж бүхнээ дэлгэгч гэгээн бодолт яруу шүлэгч минь. Хүслээрээ амьдрагч минь. Чамайг яаж мартья даа гэж эрчүүд яасан их шаналдаг бол... 

01 May, 2013

Гадгаадад суугаа миний эгчид



Аймар зэвүүн байгааз дээ. Би ч ер нь зэвүүн л дээ. Аль нь жинхэнэ зэвүүн бэ гэссс ккк.

Дээр үед намайг хүүхэд байхад / одоо том болсон байх нь. Аргагүй ш дээ элдэв юм дутсан этр гээд хүмүүст дооз хэтрүүлж уу гэж хүртэл загнуулаад муухай үгийг нь уншмааргүй санагдангуутаа устгаж мустгаад байгаам чинь том хүн л байгааз дээ хаха/ оньсого их таалгадаг байжуулээ. Эгч бид хоёр бага ангийн унших бичиг номноос цээжилсэн хэдхэн оньсоготой чааваас кк. Тэгээд аяга угаах болохоор л оньсого таалцаад эхэлнэ шүү дээ.

мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ
- сар
авдар дээр алтан аяга тэр юу вэ
- нар
түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ
- зараа
түнтгэр өвгөн түмэн жадтай зараа тэр юу вэ
- тийм оньсого байдгүйн хөөе
байдын хөөе энэ чинь оньсого гэдэг оньсого
- тийм оньсого байдгүйм аа
байж л байгааз дээ, өөрөө тааж чадкуун байж еэеэ бөөө-- ввв--өөө. Аягаа угаагаарай гээл гүйгээд явчдаг баагий байлаа ш дээ. Эгч ч гэж эгч тэгээл дүүдээ зарагдаал аяга угаагаад суужээдаг тэ. Заримдаа мань хоёр сүрхий муудна. Миний хувцасны шүүгээ доор нь, эгчийнх дээр нь байдаг байсын. Тэгээд нэг мэдэхэд миний гага мага давхар андуурцан тууж явна. Бас аав ээж хоёр шинэ хувцас авч өгөхөөр бөөн булаацалдаан болно. Яджаахад тэрсхэн гээд ав адилхан размертай, хоёр өөр өнгийн хувцас авчирнаа.
- Хоооо хөх нь минийх гээл ухасхийгээл шүүрээд гүйхэд эгч ард байнга гомдол нэхэж үлдэнэ лайтай. Яагаад ч улаан өнгөнд тийм дургүй байсын ахах. Би ч авахгүй чи ч авахгүй гээд нээх хөөрхөн улаан плаж байхад чинь. Нэг удаа бүр эгчийгээ уйлуулчихжүүлээ би ч их  живүүн шүрэн толгой байсан байгаам.

Өрөөндөө багтахгүй нь уу та хоёр гэж ээжид загнуултлаа муудалцдаг байсан үеэ их санах юм даа. Өвөртөө орж унтахсан. Тэгж ярихын бол миний мөөм таныхаас том юм чинь гэж хөөрлөхсөн. Тантай уулзах гэж ирдэг ах нараас таныг дуудаж өгснийхөө төлөө 500-ийн шокладь авахсан. Гоё плажийг чинь хэлэлгүй өмсөж зугаалганд яваад заваартуулж орхихсон. Зэмлүүлэхсэн. Хадгалсан мөнгөө нийлүүлж байгаад ээждээ бэлэг авч өгөхсөн. Том болоод дарга л болно гэдэг тэнэг дүүтэйгээ одоо нэг оньсого таалцаач дээ. Тоглоом наргиан дундаа зэмлэл хавчуулсан ч толгойг минь илж дандаа эрхлүүлдэг эрх дүү чинь удахгүй хадамд гарна. Айлын хүн болно. Аавынхаа гэрт хоёулаа ахиад нэг аягаа угааж, аврынхаа ёроолоос ёотон үнэртье л дээ.

Таныг анх гадаад явахад миний бичдэг байсан захиануудыг та одоо ч гэсэн хадгалдаг. Харин би харахаараа бичсэнээсээ ичдэг. Харь холын оронд хань ижилтэй, бяцхан жаалтайгаа амар тайван амьдарч буйг чинь харах сайхан л байдаг. Ахиад бяцхан гүнжтэй болох гэж байгаад чинь баярладаг. Гэхдээ л би таныг ямар их санадаг гээч. Хоол хийж чадахгүй хуруугаа эсгэдэг минь хэвээрээ, хог соруулж яваад булан үлдээдэг минь ч хэвээрээ, ээжийн үгэнд ордоггүй минь, ааваар түрий барьдаг маань ч, өчүүхэн юмандд гомддог маань, өөрийгөө өмөөрдөг маань, сав л хийвэл нэгийг сэдэж суудаг маань, салбадай царайлаад тэр нь бүтэлгүйтдэг маань ч бүх юм хэвээрээ л байхад та алиа хэзээний ээж шиг, дов толгод шиг өдрүүдэд зүгээр л урсаад л амьдарчих юм шиг намбархаг болчихсон байх. Угаас ч тийм байсан шиг. Дандаа л таны үгийг сөрдөг, залхуурдаг, дийлдэг байсан хэрнээ таныг унтсан хойгуур бичгийн чинь хэвийг дуурайж хуулж бичдэг байсныг минь, гаднаа өөрийнхөөрөө зүтгэсэн ч дотроо үргэлж үгийг чинь дагадаг байсныг минь та мэдэх үү. Тэгсэн ч одоо хэрнээ ядаж л таны хийдэг байцааны салатыг ч адилхан хийж сураагүй ухаан муутай дүү чинь өөрөө өөртөө оньсого зохиосоор л явна. Харин тэр тэнэг бүхнийг минь ойлгох, таах, тааварт минь хариу өгөх, хариултаараа ухаан нэмэх хүн дутуу л юм шиг өдрүүд олон байх юм аа.

Үгүйг чинь үгүйлэх охин дүү чинь өнөөдөр яагаад ч юм  ганцаардаад байна.

16 April, 2013

Чи ч намайг ойлгох албагүй



Амьдралыг ойлгох албагүй л дээ. Би тэгж л боддын.

15 April, 2013

Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна

Чиний өгсөн харцаар өөрийгөө гоёх сайхан байна
Чимэг болгож бусдад гайхуулмаар ганган байна
Алгаа дэлгэвэл цав цагаан байна, цасан орж байна
Аз жаргал намуухан будраад би нисмээр байна

Сэв сэмхэн уянга эгшиглээд
Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна



10 April, 2013

Эрээн даавуу цэцэгт алчуураар биеэ ороогоод

Чиний амьдардаг газар ижил хүйстнүүд байдаг ч
Чимх дурлал, хүсэл тачаалын орчлонд чи оршиж чаддаг
Эрээн даавуу цэцэгт алчуураар биеэ ороогоод
Этгээд ааш, нүцгэн бодлоо зуран суудаг...        


Энэ миний нөгөө ярьдаг алдарт найз Оксана шүү дээ. Өчигдөр над руу ярьж байна. Уулзаагүй уджийна оо бид 2. Гэсэн ч мартагдахгүй, мартахын аргагүй сэтгэлийн холбоо бидэнд байдаг шиг санагддаг юм. Бид хоёрын ялгаа дэндүү их. Дэндүү их тэр ялгаа аанай л хэвээрээ. Тэр намайг загнана. Тэнэг минь том болооч гэнэ. Тэгсгээд мэргэжлийн өвчнөөрөө надад стилист хийнэ. Тэр зурган дээр өмссөн байсан хогийн улаан өмдөө шатаасан уу гэж асууна. Уулзаагүй өдрийн тооноос олноор уулзахаараа үзүүлэх зураг зурсан тухайгаа ярина. Зурахдаа бодсныг минь чи л таадаг гэж онгирооно. Чин сэтгэлийн үгээ ярина.  Юунд ч хармын сэтгэлээ гээж чадах  хов хоосон, нүв нүцгэн бодлоор бид нөхөрлөнө. 

Эмх замбараагүй, хаа ч юм хамаг бүхнээ гээж л орхисон мэт чиний хачин этгээд амьдрал одоо ч хэвээрээ гэж сонсох сайхан байна анд минь.  Амьдралд шунан дурладаг хүслээрээ, амь тавин сонсдог хуучин оны хөгжмөөрөө, ахиад хичнээн ч жил амьдарсан дурлаж чадах адилхан зангаараа чамайгаа чанга тэврэн угтья.

 Чи бидний сэтгэл шиг бүхнээ дэлгэж цэцэг дэлгэрдэг зунаар гэрт минь ирээрэй миний хайртай Оксаа..



02 April, 2013

Бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг

Миний хайртай залуу зөндөө хол байдаг. Харин тэрнийх хажууд нь байдаг.  Миний хайртай залуу завгүй байдаг. Харин тэрнийх дандаа л хамт байдаг. Тэгэхээр гоё. Миний хайр аль дээр эхэлсэн ч одоо хүртэл оргилдоо очоогүй. Харин тэрнийх саяхан эхэлсэн мөртлөө алиа хэзээний дүрэлзэн шатсан. Тэрний хайртай залуу найзыг маань дандаа дагуулж зугаалдаг. Харин минийх намайг хичээлээ хий гэж загнадаг. Тэрний найз залуу энд тэнд гоё үзвэр гарсан тухай ярьдаг. Харин минийх эрт баларын ном уншаад дараа нь өөртөө ярьж өгөөрэй гэдэг. Тэрний найз өглөөхөн салсан байж санаж байгаагаа хэлэхээр өдөртөө хэд залгадаг. Харин минийх өдрийн турш бизий, тэгснээ наадмаар хоёулаа уулзана, тэр хүртэл хүлээх хол уу гэж асуудаг.
Хүмүүсийн хайртууд хүүхнүүдээ яаж эрхлүүлэх вэ гэж боддог. Харин минийх хөөрхөн хөөрхөн юм яриад, хэзээ том болно доо гэж  "унтраадаг".  Хүмүүс нэгнээ хайраа гэж дууддаг. Харин намайг "......" гэж дооглодог. Үүрд хамтдаа гэж хосууд ам тангараг өгдөг. Харин намайг "үнсье" гэхээр тэр "бултлаа" гэдэг. 

Хүний найзуудыг харахаараа би дандаа атаархдаг. Хажууд минь байхгүй түүнийг хайрлах шийтгэл мэт байдаг. Гэхдээ хувь тавилан мэт учирлаар дандаа уяатай явдаг, гэнэнд минь дэндүү зохидог түүнийг мартаж ердөө чаддаггүй. Миний инээдээр сэтгэлээ чимдэг чиний маргаашийн амьдралыг өөрөөр төсөөлдөггүй. 

 Ухаантайд чинь, уулаас царайлагт чинь ч биш өмнө чинь байгаа бүхнээ дэлгэхээс өөрөөр байж чаддаггүйдээ би чамд хайртай.  Сайхан үг, гоёмсог хачиргүй чиний салахын тухай бодлын сэжүүргүй итгэлд чинь хайртай.

Гэхдээ л бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг.   :(

27 March, 2013

Хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн

Өглөө бүр хаалганы цаанаас хэнтэй ч бай баяр хөөр, доог наргиантайхан мэнд ус мэдэж, төд удалгүй үүдээ цэлийтэл дэлгэн цааррааааммммм..... гээд л илбийн мэт инээж орж ирдэг хуучин өдрүүд минь сайн байна уу. 

Ширээнийхээ ард үг дуугүй юуг ч юм нухаж суудаг дүрээр хэдий ч олон хоноов дээ. Орсон гарсан бүхэн хачирхан харж, хааяахан нэмж чимэн хов болгон ярьдаг байсан гэлцэв. Энэ сүндэр өргөөний хоёр давхар чиний хөхөн баясдаг тэр тэнэг гэмээр цагаан инээдээр дутсан байж шүү. 

Өнөөдөр нар эртээ мандсан. Захирал цай уух зуураа  эрт үеийнхээ онигодоог ярьсан.  Энхээ эгчтэй кофе найруулдаг өөрийнхөө жорыг солилцсон. Ааш нь дийлсэн гэдэг бусдын дургүй Хишгээ эгч  орж ирээд өчигдөр хэрхэн бүтэлгүйтсэн тухайгаа ярьж баахан хөхөрсөн. Чиний аз жаргал өчүүхэн байсан ч бусдын харцанд тусдаг гэгээн л хорвоо шүү дээ. Үйлчлэгч Дариа эгч хүртэл чиний нэг давхраас дуу хадаан, чав чангаар бүтэн нэрээр чинь дуудан байж мэдсэн мэндийн хариуд уртын урт үг хэлэх гэхдээ угаалгын нунтагаа ихдүүлж гоожуулсан тухайгаа хөөрлөн ярьж явна. Өглөө бүхэн ийм л байсан хуучин өдрүүд минь. Би ч гэсэн чамайг яасан их санаа вэ.

Харахад даруухан үсний засалтаа өөрчлөх гээд ч дэмий юм байна Анд минь. Хийсч, нисч явдаг гоё найзуудад чинь таалагдахгүй байсан ч чамд зохидог юм байна. Хүмүүс чамд хайртай юм байна. 

  Гэхдээ хааяахан хуучин номын дэлгүүрээр ороод гардаг чинь байхгүй болж. Түрүүвч дүүрэн явахад багшийн дээд орох хэрэггүй байж болох ч товчилж бичсэн гоё цагаан хуудаснаас илүү цаг үеийг туулж ирсэн эх хувилбар, шарласан хуудсанд дуртай чинь хаачаа вэ. Хуучин Андын хуучин өдрүүд үнэ цэнтэй л байдагсан. Чи их өөрчлөгджээ. Хумсаа акрилкддаг болж,  дэрвэгэр  ч хиймэл сормуустай болж, дээдсийн амьдрал шохоорхож  дэргэдэх найзаа сонгодог болж. Гэлээ гээд муугүй ч чиний хуучин өдрүүдэд би илүү хайртай. Тэнд чамд хүмүүс хайртай байсан.  Тэнд чи дандаа л эв энгийн байсан. Тэгсэн хэрнээ чиний бодол бусдаас содон байсан. Тийм байж чи даанч явчихсан...   Хэзээ ч уулзахад эрч хүч, гоё сайхныг ярьж ирдэг цовоо инээдтэй андын хамгийн гоёмсог гангараа нь тэр байж. Тиймдээ л хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн байж. 

Чиний эргэж ирсэн өнөө өглөө ямар сайхан байсан гээч. 

Hello my old days

20 March, 2013

Өнөөх л маргааш ирэхгүй

Маргааш бороо орвол 
Би заавал уйлна
Гутлаа нортол хэрэн тэнэж
Гудамжаар мөрийг чинь хайж алхана

Маргааш бороо заавал орно
Мартсанаа санаж би уйлна
Урьд эртийн тухай дахиад л үнгэж
Уйлж дуусахад минь бороо арилна 

       2011.03.20 

15 March, 2013

Эхнэртээ оч доо одоо



Дуу сонсооооол машины хойд суудал дээр ганцаараа юу ч дуугарахгүй цонхоор ширтээд л давхиад баймаар. Жолооч юу ч битгий асуугаасай, юу ч битгий яриасай, улаан гэрэл битгий таараасай, хурдаа сааруулахгүй удаан давхиад л байгаасай. Миний дуртай дуунууд л яваад байгаасай.

" Шөнийн хотын гэрэл эрээлжлэн анивалзаад гоё
Ширтсэн харцаараа юу ч юм өгүүлэх чиний тухай бодол урт  2013.03.15"

Анх танилцсан тэр өдөр чи намайг олсон
Ахиад уулзах шалтгаан үлдээж хүрмээ нөмрүүлсэн
Гарын чинь дулаанд би шөнөжин тэврүүлж хоносон
Гадаа минь хүргэж өгөөд буцахад үүр цайж байсан

Таван сарын борооноор би чамайг олсон
Танхил ааштай гэнэн бүсгүй явсан
Үлгэрийн шаахайгаа гээгээд орхимоор үдэш байсан
Үлдээх гунигаа бодоод өвөртлөөд буцсан хайр байсан

Зүрхнийхээ халуунд хэсэгтээ хоёулаа шатлаа
Зүсний гоод дурлаж сүйн бөгжөө мулталлаа
Томчуудын дурлал эндээс хэтрэх дэмий
Тоглоомоо дуусгаад эхнэртээ оч доо залуу минь...


Хамгийн сайн найздаа зориулав. Бүсгүй хүн энэ ертөнцийн чимэг юм.

14 February, 2013

Чамайг дурсах минь ийм удаан болсон

Нэг тийм шүлэг бичмээр өдөр байдаг даа. Өв өндөр шилэн байшингаас зугтаж хэн ч тоож орж ирэмгүй буйдхан кафед цонх бараадан суучихаад дэвтрээ гарган чимээгүйхэн шүлэг бичих  гоё.  Дурласан залуу минь хол байх гоё. Хайртай гэчихээд салаад явчихдаг анхны хайр ч гоё. Ер нь сэтгэл хөгтэй л байхад амьдрал үргэлжилж байдаг. Амьдралыг би дурсамж гэж боддог.

Чиний үгэнд гомдохдоо утсаа унтраан орондоо шөнөжин бодол болж, чиний бэлэглэсэн улаан цамцыг нандигнан үнэрлэж, чиний үнэрийг арилчихвий гэхдээ угаалгүй хадгалж, чиний заримдаа гэнэтхэн ирдэг төлөвлөгөөгүй болзоонд баярлаж, чиний нүдний дулаан үргэлжид  зүрхийг минь төөнөж яваа гэж санах надад жаргал байсан. Харин одоо чамайг дурсамж гэж санах минь улам удаан болсон. Гомдохоо байсан. Чамайг зөнд нь явуулчихаад шүлэг бичихээ байсан. Цонхны наранд шанаагаа тулаад чамайг санахаа байсан. Амьдрал бол дурсамж гэж бодохоор би одоо үхсэн.


07 February, 2013

Нар тусдаг жижигхэн байшиндаа

За гоё сайхан өглөөний мэнд. Амьдрах сайхан шүү тэ. Саяхан нэг найз маань хүүхэдтэй болсон, өөр нэг нь одоо цагаан сараар хуримаа хийнэ. Нэг найз томилолтоор баахан явж явж ирээд уулзалгүй сар болсон гэж хүүхэдтэйгээс бусад гурав нь урд шөнө элгээ хөштөл инээлдэж хонов.

Бид гурав ахлах анги, их сургууль, ажил дамнасан найзууд. Асуулт асуухаар яаааг адилхан хариулт бодож олж чаддаг л "шүрэн толгойнууд"шүү дээ. Ер нь хүн төлөвшлийн үедээ нөхөрлөж явсан найзууд хамгийн ойр байдаг шигээ. Нэг нэгэнтэйгээ хүсэл бодол,  түвшин,  сонирхол ойр, амьдралыг үзэх үзэл, ууж суугаад ярих яриа нь ч нэг. Бид гурав нэг нэгнийхээ тухай биш нэг зүйлийн тухай ярьж чаддаг нь надад хамгийн үнэтэй санагддаг. 

Нэг удаа бид гурав бусдын өмссөн оймс гутал ярьж явсангүй, нэг удаа болох бүтэхгүй муу үйлийн тухай ярьж явсангүй, нэг удаа нэгэндээ чи намайг тэглээ ингэлээ гэж гомдоллож явсангүй, нэг удаа ном, ертөнц, сэтгэл гурвын тухай ярилгүй өнгөрч байсангүй. Нэг удаа нэгнээсээ авсан тусаа  мартаж явсангүй, нэг удаа нэгнээсээ өгсөн тусынхаа хариуг нэхэж явсангүй. Найзуудтай явах сайхааан..

Өө нээрээ анд чинь ахиад л гадаад явах болжийх шиг байна. Энэ удаа харин суурин байх магадгүй.  Өглөө эртээ гэгч нь босож нар тусдаг жижигхээн байшингийнхаа цонхны дэргэдэх ширээнд сууж номоо бичээд л, нам тайван унтаж буй нөхрөө харж инээмсэглээд, томдсон унтлагын цамцныхаа ханцуйг чирээд нүдээ нухлан түнтэр түнтэр алхан орж ирэх хүүгийнхээ өглөөний цайг бэлдээд. Харин бусдын өглөө эхэлдэг 9 цагт костюмаа өмсөж, торгон алчуур мөрөн дээгүүрээ хээнцэрхэн шидчихээд албандаа явдаг ажил хэрэгч эмэгтэйн амьдрал минь намайг тэнд хүлээж байгаа.

Бодвол тэгээд болох юм болохоороо л болж буйз дээ.

Эцсийн эцэст хүний амьдралын туйлын хүсэл сэтгэл амгалан, сэтгэл хангалуун амьдрал л гэж би боддог. Амьдралдаа үлдээх нэртэй явах шиг,  олонтойгоо явах шиг сайхан юм юу байхав дээ.

30 January, 2013

Сайн байна уу хайрт минь.

  Яг одоо гадаа цас орж байна. Будрах нь чиний инээд шиг үл мэдэг, үг дуугүй, дулаахан тийм цас юм. Би сая цайныхаа цагаар их хол газар алхсан. Ганцаараа гудамж дагаад алхаад л байх яагаад ч юм чиний тухай бодоогүй удсан өдрүүд шиг байсан. Машинууд ар араасаа цувраад л, хүмүүс ажил ажилдаа яараад л, үнэндээ энд над шиг гиюүтэй хүн үгүй шиг .

 Ажлын газрынхан өчигдөр баяраа тэмдэглэсэн гээд бөөн ярих зүйлтэй, бусад нь шараа тайлах шалтагтай, харин би ханиадандаа халуурсан царайтай, хаанаас ч юм гэнэт ирсэн чиний тухай бодолтой нэгдүгээр сарын сүүлч ингээд шувтарч байна. Заримдаа амьдралаас залхсан, ядарсан, цөхөрсөн, ганцаардсан ийм үе хүний тэнхээг шалгадаг байх гэж би боддог. Маргаашаас эхлээд хайр нь яг чиний ярьж өгдөг байсан тэр сэргэн мандлын үе шиг,  чиний дандаа дооглон шоолдог гэнэн инээдээрээ, яг л чамтайгаа хамт байсан тэр үеийнхээ гэгээн бодлоороо, хуучнаараа амьдарна аа. Элдэв тээрт бодол, далд санаагүй эв энгийнээр...

 Албан тушаал, ажил, эрх мэдэл, мөнгө, танилууд, монголын баячууд, уул уурхай, хятад монголын харилцаа, Чалкогийн гэрээ, Баярцогт, захирлын томилгоо гээд л би дассан биш би ядарсан байж. Найз нөхөд хүртэл шал худлаа.

 Магадгүй өнөөдөр байгаагүй бол би энэ мэдрэмжийг, өөрийгөө ололгүй өвлийг үдэх байж шүү.  Өвөл, цас, хайр, хацар нь даарсан охин, хоёр жилийн өмнөх энэ нэгдүгээр сарын сүүлч...

 Чи минь ойрдоо ямархуу байна даа. Хоолоо сайн идэж, орондоо оронгуут бодол болохгүй шууд унтаж чадаж байгаа юу, оройн тойргоо хийчихээд компьютер утсаа харахгүй гэж над шиг хичээгээгүй биз дээ. Наана чинь цас гэж байхгүй болохоор намайг чи санахгүй байж чадна байхаа.

Харин энд яг одоо ч цас будраад л байх юм. Би яах вэ..






20 December, 2012

Би танд хайртай

Сайрхах юм даанч биш дээ 
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай... Ц.Хулан


 "Би тантай хамт явмаар байна." Ингэж хэлж зүрхлэхгүй, тэгээд мартаж чадахгүй.



  

17 October, 2012

Допинг

Бодсон санасан зорьсон бүхэндээ хүрэх хүсэл тэмүүлэл бүхэн минь дандаа биеллээ олж байгаасай.

Магадгүй зарим үед дүрэм журмаас илүүтэй зөн билгээ дагах нь зөв ч байж мэдэх юм гэж бодно. Өчигдөрхөн Их аваргын оролцсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Том харж амьдар гэсэн үг байна. Том харах...

 Нээг их уртаар санаа алдмаар, өөрийгөө чамламаар, амьдралын зорилгот хуучин дэвтрээ гаргаж уншмаар болов. Нэгхээн жилийн өмнө би яасан хичээнгүй байгаа вэ. Өглөө бүхэн олж мэдэхийн ганцхан орой цэг, оргилийн төлөө сэрж, орой бүхэн амьдралын тухай гэгээн бодлууддаа дараатай нам унтаж орхидог... Олон юмыг хүсдэг, оргилуун тэмүүлэлтэй байж. Одоо гэвч орон хотынхоо ороо бусгаа, бухимдалт өдрүүддээ нэгэнт дасжээ. Хийнэ дээ, уншина даа, уулзана даа, очно доо... Нэг л их хийхсэн гэх бодолтой хийж амжаагүй үгс. Мууд үг хурц, муухайд нүд хурц байсан шиг. Одоо харин дассан. Өдөр хоногууд үнэт эрдэнэс мэт байсан шиг. Одоо бас л гамгүй үрдэг, гарзаддаг. Яасан амархан...

Би багадаа нээг их том мөрөөдөлтэй хүүхэд байсангүй ээ үнэндээ. Зүгээр л хичээлдээ явах, зураг зурах, будгийн харандаанууддаа гараараа кошлонк хийж цүнхэндээ эвийг нь олоод багтаах, аавын авчирч өгсөн дипломат шар цүнхний арын салаанд нь хамгийн нандин юмаа хадгалах, мөнгөө цуглуулах, нохиотой цамц, цэнхэр өмдөө өмсөөд л байх дуртай хачин охин байв. Тэр жил ангийнхаа тэргүүний сурагч болов оо. Ангийн багш маань гараараа дурсамж бичиж өгсөн нь одоо ч байдаг юм. Дээр нь "... ангийн анд Баасаннямыг даан авч уншиж, бичүүлж сургасан ... " гээд л их инээдтэй үгтэй. Түүнээс хойш тэргүүний сурагч юм чинь онц сурахгүй бол болохгүй, хичээл тасалж, даалгавар хийхгүй ирэх өдөр гэж байж болохгүй. Энэ мэт нэр төрөө хичээсэн, хариуцлага үүрсэн өдрүүд тасраагүй санагдана. Бүр хожим сургуулийнхаа удирдах зөвлөл дахь сурагчдын төлөөлөгч байлаа. Ширээний найзынхаа төлөө биш сургуулийнхаа 700 хүүхдийн сурлага, сурах орчин, сурган хүмүүжүүлэгч багш нарын асуудалд ч анхаардаг болов. Нийгмийн ажил, нийтийн төлөө их явлаа. Шилдэг байсан гээд магтаал биш матаас, муулал их байсанд гомддог л байв. Гэвч юм хийдэггүй хүнд амжилт атугай алдаа ч байдаггүйг яаж мэдэх билээ жоохон байж. Их аварга уйлсан өчигдөр. Эрүү нь ээрээд их л гомдсон бяцхан жаал шиг. Үнэн шүү дээ. Түүний уйлаад хэлсэн үг шиг амьдралын алалдаан дундуур шүдээ зуугаад сэлэм шиг зурж ирсэн зам мөр түүний алдар гавьяа байлгүй яадгийм.

      Тэгээд дунд сургуулиас хойшхи нэг хэсэг цаг хугацааг би их гайхдаг юм. Нөгөө эрч хүч, эрмэлзлэл, идэвхи хаачсан юм бүү мэд. Зураг зурахаа байсан. Урлагийн үзлэгт эмгэн болдгоо больсон. мөнгөө хадгалахаа байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ хүслээ бичихээ больсон. олон нийтийн ажилд оройлох нь бүү хэл оролцохоо байсан. Онц сурах гэж хичээдгээ больсон. Он жилийн дарааллаар өөрийгөө төсөөлж амьдралд тэмүүлэхээ байсан. Урсгалаар амьдрагчдийг хүн муулдгүйг, урсгалт амьдралд нь төвөг учирдаггүйг, тэдэнд тэмцэл байдгүйг, тэндээс өөр орчин байдаггүйг, тэдэнд амьдрал амархан ирдэг ч аз жаргал амжилт нь дундуурхан байдгийг, тиймдээ арай өөр хүмүүсийг өөлөх  дуртай байдгийг харин мэдсэн байж болох юм.

Тэгж явсан дөнгүүр өдрүүддээ ном уншихаа харин болиогүй. Гадаадад байлаа. Амралт болгож монгол ном хүнээс гуйж уншаад уйлмаар болсон шүү. Тэнд би байсан. Тэр номонд.  Өөрийнхөө багын дүр төрхийг, үнэн голын хүсэлт амьдралаа өөрөөс нь олж харсан тэр залууд би одоо хайртай. Өглөө бүхэн гэрэлт бодлоор хөшгөө нээх тэр ирээдүйн амьдралаа би түүнтэй хамт төсөөлдөг. Учрал ойрхоон гэж итгэе.

Дөнгөж саяхан би дэвтэртээ эргэн ирсэн  зорилтот ажил мэргэжил албан тушаал, шинэ амьдралынхаа хэмнэлийг бичсэн. Сайхан байна.

Төсөөлөлт энэ амьдралынхаа зарим зүйлийн төлөө зарим зүйлээ золиосолж, заримд нь том эрсдэлтэй алхам хийж байна. Шийдвэрийг гаргах амар байсангүй ээ. Гэхдээ хүн нэг л амьдарна. Дүрэм журам гэхээсээ зөн билгээ дагах нь заримдаа үнэн байдаг шүү дээ гэж  өөртөө дахин хэлье. Амжилтанд хүрнэ гэдэг ардаа том хариуцлага, эгэл олны итгэл найдвар, түшиг тулгуур нь байдаг. Их аваргадаа баярлалаа. Таны хэлснээр том харж амьдарна гэдэг өнөөдрийг биш маргаашийг харахын нэр шүү дээ.

Багын л хариуцлага үүрэх, нэрээ эрхэмлэх, бусдын дургүй дэг ёст дээдсийн амьдралд тэмүүлэгч охиндоо сэхээрэл өгөгч, намайг буй болгогч, хурцлагч, амжилтанд хөтлөгч, атааг минь төрүүлэгч, дэргэд минь алхагч, бахархагч, үл тоогч, өндрөөр нисдэг ч харамгүй сэтгэлтэйдээ гэж өчигдөрхөн намайг дүгнэсэн эгчдээ баярлалаа. Та наргүйгээр, өвс цас, шороон шуургагүйгээр амьдрал үхэл мэт..



10 October, 2012

Чамайг дахиад л санах нь дээ маргаашаас

Дандаа завгүй, даруухан гэвч дахиад яриад л баймаар чиний тухай бодолгүй гурван долоо хонож. Харих замдаа хамт алхана гэсэн гудамжинд чинь намар болсон байна. Уйтгаргүй байна гэж үү.


Хэзээний л ирэх учиртай мэт эл хульхан намраар дахиад л ганцаараа, чиний үнсэлтэт тэр учрал яасан хол...


09 August, 2012

Гоё бай охид минь гоёмсог бай, гэхдээ гоёл чимэг шиг битгий амьдар

04 June, 2012

Тэврэлт, тэндээс маргааш дэндүү ойрхон



Борооны үнэр... морь тургилах эдлэн газар... ил гал... андууд... хөгтэй дурсамж... хөхрөлдөөн... шийтгэл... уруулын будаг... халуун вино... тэврэлт... тэндээс маргааш дэндүү ойрхон.

                                         2012.05.31  -  2012.06.03

28 May, 2012

Эрт буцахын тухай ярих болоогүй ч ...

Гарыг нь шуудхан атгаад авч болдог ив илхэн, илч дулаандаа харамгүй найз минь дандаа л надад сэтгэлээ дэлгэж ирдэг цагаахан занг чинь санан бичиж сууна үүнийг. Өнөөдөр чиний төрсөн өдөр биш л дээ. Минийх ч биш. Зүгээр л гадаа шороо хийсч, машин зам түгжирдэг нөгөө л жирийн өдрүүдийн нэг. Гэхдээ замаа олох гэж, гэрэлт бодлоо гүйцэх гэж хурдлан яваа бидний алтан гинжит цаг хугацаа болохоор алдахыг хүссэнгүй. Алсад яваа найздаа амжилт хүсье гэж саналаа.

 Тоглоомоо хормойлж ирээд асгадаг тэр багын өдрүүд, хамар хашаа, хамт алхдаг сургуулийн зам, харгүй гүн итгэлтэй анд минь амьдралын уртаа зам бидэнд нөхөрлөл бэлэглэжээ. Нандин дурсамж бүрийнхээ инээд гунигтай ихээ олон өдрүүдийг хөвлөө. Чиний урт гэзгийг би мөрөндөө давуулан зүггүйтэж байх юм. Чихэр идэх гэж будаалсан айлын гадаа нэгнээ хүлээж зогсох юм. Чи л намайг шүлэг бичсэн гэж шоолохгүй юм. Чимээгүй харин цээжилчихсэн байх юм.

Чи дурлачихсан гэнэ. Чиний мөөм аз болж минийхтэй адил ургаж гэнэ. Хамгийн анх хоёулхнаа даруулганы тухай нууцхан зөвлөлдөж гэнэ.Чиний найз надад хайрын захиа өгүүлсэн гэнэ. Шокладьных нь талыг чи ирэх замдаа идчихсэн гэнэ. Чи үнсэлцэж үзсэн гэнэ. Чи их муухай гэнэ. Муу охидтой найзалдаг гэнэ. Удаж удаж уулзсан гэнэ. Уйлмаар болтлоо санасан байна гэнэ. Уулс даваад би яваад өгсөн гэнэ. Уулзахдаа өгөх гэж өдөржин бэлэг хайж гэнэ. Өнгөрсөн зун амралтанд яваад залуусаа тоолгүй хүзүүгээрээ тэврэлдээд дуулаад л байсан гэнэ.Удахгүй хоёулаа мөрөөдлөө биелүүлнэ гэнэ... Тиймээ, бидний түүх ийн эхэлнэ. Энэ бол эхлэл.


Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь гэрээсээ бичлээ. Амьдралын саарал мананд араар минь хэл очвол, атаа төрвөл, усан бороо шиг гуниг ирвэл, уйлмаар өдрүүдэд дэргэд чинь үгүй бол найздаа гомдов гоо бүсгүй минь. Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь итгэлээ үлдээлээ.

/ Ирэх өдрүүд бидэнд бэлэг бэлдсэн гэнэ. Ихээ удаан нөхөрлөлөөр.../  



Зориулав.  to   http://moonglade-sublunary.blogspot.com/